Өмнө нь Канье Уэст нэрээрээ алдаршсан уран бүтээлч Ye төрөлх Чикаго хотынхоо Soldier Field цэнгэлдэх хүрээлэнд хоёр өдрийн нүсэр тоглолтоо амжилттай хийлээ. Баасан гарагт болсон тоглолтын үеэр тэрбээр гурван арваныг дамжсан өөрийн уран бүтээлийн түүх, өвийг багтаасан 60 дуутай хөтөлбөрийг гурав орчим цагийн турш хүргэсэн байна.
Өнгөрсөн хугацаанд болсон аялан тоглолтуудынхаа үеэр их ярьж, шүүмжлэлтэй мэдэгдлүүд хийдэг байсан тэрбээр энэ удаад дуунуудын хооронд бараг яриа хийлгүй, бөмбөрцөг хэлбэртэй тайзан дээр дараалсан олон хит дуунуудаа дуулжээ. Мөн уг тоглолтод нийт 15 зочин уран бүтээлч оролцсон байна. Тэдний дунд түүний карьерын эхэн үеийн хамтрагчид болох GLC, Consequence, Really Doe, Twista нараас гадна Travis Scott, Don Toliver зэрэг Cactus Jack-ийн одод багтжээ.
Энэхүү хоёр өдрийн арга хэмжээг нийт 70,000 гаруй үзэгч үзэж сонирхсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сард The Wall Street Journal сонинд бүхэл бүтэн нүүр дүүрэн уучлалт хүссэн зар нийтэлснээс хойш Ye харьцангуй тайван замаар явж байгаа бөгөөд бие даасан IKON Presents компанитай хамтран цэнгэлдэх хүрээлэнгүүдээр хийх аялан тоглолтоо эхлүүлээд буй юм. Түүний тоглолтууд энэ ондоо багтан Даллас, Хьюстон, Финикс хотуудад үргэлжлэхээр товлогджээ.