“Call Me Maybe” хит дуугаараа дэлхий дахинд танигдсан Канадын поп од Карли Рэй Жепсен өөрийн найм дахь студийн цомог болох “Day and Night”-ээ цацлаа. Энэхүү бүтээл нь нийт 24 дуутай, 100 гаруй минут үргэлжлэх хос цомог (double album) гэдгээрээ онцлог юм.

Карли Рэй Жепсен Billboard News-т өгсөн ярилцлагадаа хэзээ нэгэн цагт хос цомог хийхийг хүсдэг байснаа дурдаад, хоёр өөр хөгжмийн хэв маягийг зэрэг туршиж үзэх шийдэлд хүрснээр энэхүү цомог мэндэлснийг тайлбарлажээ. Тус цомгийн анхны сингл болох “On Wires” дууг тэрбээр Нэйт Сайферт, Кайл Ширер нартай хамтран бичсэн бөгөөд урьд өмнө нь туршиж байгаагүй шинэ төрөл зүйлд хүч үзсэн хэмээн онцолсон байна.

Энэхүү цомог нь түүний 2023 онд гаргасан “The Loveliest Time” цомгийн үргэлжлэл болж байгаа юм. Жепсений уран бүтээлийн замнал тун завгүй үргэлжилж байна. Өнгөрсөн сард түүнийг “10 Things I Hate About You” киноноос сэдэвлэсэн Бродвейн хөгжимт жүжгийн дуу, шүлгийг Грэммийн шагналт Итан Грускатай хамтран бичихээр болсныг зарласан билээ. Мөн тэрбээр энэ оны гуравдугаар сард нөхөр Коул М.Ж.Н.-ийн хамт хүү Ильягаа өлгийдөн авч, ээж болсон юм.

Түүний 2012 оны алдарт “Call Me Maybe” дуу нь Billboard Hot 100 чартыг есөн долоо хоногийн турш тэргүүлж байсан бөгөөд Жепсен бүх төрлийн цомгийн чартад нийт таван удаа бичигдэж байжээ.