Латин хөгжмийн ертөнцийн од, Колумбийн дуучин Карол Жи (Karol G) өөрийн шинэ цомог болох «No Me Arrepiento de Sentir Tanto»-г удахгүй гаргахаа зарлалаа. Энэхүү мэдээг тэрээр 7-р сарын 29-нд Торонто хотын Рожерс цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтынхоо үеэр үзэгчдэдээ гэнэтийн бэлэг болгон дуулгасан юм.

Дуучин бүсгүй 2025 оны «Tropicoqueta» цомгийнхоо дараах шинэ уран бүтээлээ наймдугаар сарын 7-ны өдөр албан ёсоор хүргэхээр төлөвлөж байна. Торонто хотын энэхүү тоглолтын үеэр тэрээр тус цэнгэлдэх хүрээлэнд бие даасан тоглолт хийсэн анхны эмэгтэй уран бүтээлч болсон түүхэн амжилтыг үзүүлжээ. Тэрээр тоглолтын үеэр цомгийн нэр болон нүүр зургийг цэнгэлдэхийн том дэлгэцээр анх удаа олон нийтэд танилцуулсан байна.

Карол Жи тайзан дээрээс "Би хэдэн сарын турш шинэ хөгжим дээр ажиллаж, энэ аялан тоглолтынхоо нэг хэсгийг бэлтгэж байлаа. Наймдугаар сарын 7-нд миний шинэ цомог гарна" хэмээн ярьжээ. Тэрээр 7-р сарын 24-нд Чикаго хотод болсон аялан тоглолтынхоо нээлтийн үеэр "Matadora" нэртэй шинэ дуугаа танилцуулсан бөгөөд энэ дуу нь шинэ цомогт багтах төлөвтэй байна.

Одоогоор цомгийн дуунуудын жагсаалт албан ёсоор гараагүй байгаа ч шүтэн бишрэгчид нь шинэ уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байна. Түүний «Viajando Por El Mundo Tropitour» аялан тоглолт үргэлжилж байгаа бөгөөд дараагийн зогсоол нь 8-р сарын 2-нд Вашингтон хотын Нортвест цэнгэлдэх хүрээлэнд болох юм.