Колумбын алдарт дуучин Карол Жи (Karol G) өөрийн хүлээлт өндөртэй “Viajando Por El Mundo Tropitour” аялан тоглолтоо Чикаго хотын “Soldier Field” цэнгэлдэх хүрээлэнд эхлүүллээ. Тэрээр өөрийн “Tropicoqueta” ертөнцийг тайзан дээр бүрэн цогцлоохын тулд шоуны үзүүлбэрүүддээ өд, хан боргоцой, цэцэг, тоть болон улбар шар өнгийн гоёл чимэглэлийг ашигласан байна.

Аялан тоглолтын хүрээнд дуучин бүсгүй өөрийн шинэ “Matadora” хэмээх дууг танилцууллаа. Энэхүү дуу нь хүчтэй реггетон хэмнэлтэй бөгөөд дуучин өөрийн мэдрэмжээ илэрхийлсэн зоригтой үгстэй гэдгээрээ онцлог юм. Тэрээр сошиал хуудсаараа дамжуулан энэхүү шинэ бүтээлийнхээ хэсгээс хуваалцсан байна.

Live Nation-оос зохион байгуулж буй энэхүү аялан тоглолтод Becky G, Greeicy болон Elena Rose нар тодорхой тоглолтуудад оролцох юм. Elena Rose-ийн хэлснээр, тэдний хамтын ажиллагаа маш байгалийн бөгөөд урт хугацааны нөхөрлөлд суурилсан байна.

Карол Жи-гийн “Tropicoqueta” цомог нь “Top Latin Albums” чартыг тэргүүлж, “Billboard 200” чартын гуравдугаар байрт бичигдсэн амжилтыг үзүүлээд байгаа юм. Мөн тус цомогт багтсан 20 дуу бүгд “Hot Latin Songs” чартад зэрэг орсон нь дуучны хувьд анхны тохиолдол болжээ.

Чикаго хотын тоглолтын дараа Карол Жи Лос-Анжелес, Нью-Йорк, Майами хотуудын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд тоглох бөгөөд цаашлаад Латин Америк болон Европ, тэр дундаа Мексик, Аргентин, Бразил, Испани, Англи, Итали зэрэг улсуудад 2026 болон 2027 оны эхэн үеийг дамнан аялан тоглолтоо үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.