90-ээд оны алдарт Backstreet Boys хөвгүүдийн хамтлагийн гишүүн Кевин Ричардсон болон реппер Снуп Догг нар “Paw Patrol: The Dino Movie” киноны улаан хивсний ёслолын үеэр анх удаа нүүр тулжээ. Энэхүү уулзалтын дараа Backstreet Boys хамтлагийн албан ёсны цахим хуудсанд тэдний тэврэлдэж буй болон гар барьж буй хоёр гэрэл зургийг “Эцэст нь энэ зүйл тохиолоо” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна.

Энэхүү уулзалт нь сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд тархсан, Кевин Ричардсоныг Снуп Доггтой адилхан хэмээн харьцуулсан вирус хэлбэрийн меменүүдтэй холбоотой юм. Шүтэн бишрэгчид нь тэднийг нэгэн цагт төрсөн мэт ижилхэн харагддаг гэж үздэг бөгөөд энэ харьцуулалт нь 2001 онд Backstreet Boys хамтлагийн аялан тоглолтын үеэр Кевин үсээ сүлжсэн үеэс эхлэлтэй гэж зарим фэнүүд нь дурссан байна.

Тэдний уулзалтын зураг цахим сүлжээнд олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. Тухайлбал, *NSYNC хамтлагийн гишүүн Лэнс Басс алга ташиж буй эможигоор сэтгэгдэл үлдээсэн бол, Муни Лонг “Та хоёр төрсөн ах дүүс юм уу?” хэмээн хошигножээ.

Энэхүү уулзалт болоход “Paw Patrol: The Dino Movie” кино нөлөөлсөн байна. Реппер Снуп Догг уг киноны Дэйв хэмээх дүрд дуу оруулсан бол, Backstreet Boys хамтлаг киноны дуу болох “Bottle Up” дууг бүтээжээ. Одоогоор Кевин Ричардсон болон түүний хамтлагийнхан Лас Вегаст тоглолтоо үргэлжлүүлж байгаа бол, Снуп Доггийн амьдралыг харуулсан намтарчилсан кино ирэх жил нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байна.