Алдарт дуучин Келли Кларксон Лас-Вегас дахь "Colosseum" театрт болсон "Studio Sessions" тоглолтынхоо үеэр хувцаснаас болж эвгүй байдалд орох шахсан ч мэргэжлийн түвшинд зохицуулж чаджээ.

Бямба гарагт (8-р сарын 8) болсон тоглолтын үеэр үзэгчидтэй ярилцаж байх зуур хүчтэй салхи үлээж, түүний нимгэн цагаан цамц хийсэн, дотуур өмссөн хар хөхний даруулга нь ил гарах дөхсөн байна. Энэ үед 44 настай дуучин бүсгүй нөхцөл байдалд маш хурдан хариу үйлдэл үзүүлж, "Өө, миний хөх гараад ирлээ. Па-пау!" хэмээн хошигножээ. Үзэгчид инээлдэхэд тэрээр үргэлжлүүлэн "Тэд хэтэрхий жижигхэн болохоор унахгүй ээ, санаа зоволтгүй. Хаашаа ч явахгүй. Тэд төгс харагдаж байна" гэж хэлсэн байна.

Үүний дараа Кларксон тухайн өдөр тохиосон зурхайн үйл явдалтай холбон өөрийнхөө гадаад төрхийг шүүмжилсэн хошигнолоо буцааж авч буйгаа илэрхийлжээ. Түүний хэлснээр, тухайн өдөр нар, Дэлхий болон Сириус одод нэг шугамд жагсдаг, эртний египетчүүд элбэг дэлбэг, цэцэглэн хөгжихөд тусалдаг гэж итгэдэг байсан "Арслангийн хаалганы портал" (Lion's Gate Portal) хэмээх үзэгдэл хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж зарим хүмүүс үздэг байна.

Келли Кларксон үзэгчдэд хандан "Би та нарт үнэнээ хэлье. Хэн нэгэн надад 'Өнөөдөр Арслангийн хаалганы портал тохиож байна. 8/8/8-ны өдөр маш их энерги цацарч байгаа тул сөрөг зүйл бүү яриарай' гэж хэлсэн юм. Тиймээс би өөрийгөө гоочилсон хошигнол хийснийхээ дараа шууд л 'Орчлон ертөнц өө, би зүгээр л тоглосон юм, миний хөх үнэхээр гайхалтай' гэж бодсон" хэмээн хуваалцжээ.

Тэрээр цааш нь "Өнгөрсөн шөнөжин надад 'Хүсэж буй зүйлээ биелүүлэхийн тулд хов жив бүү ярь, бусдын болон өөрийнхөө тухай муу үг бүү хэл' гэсэн зурвасууд ирсэн. Би өдөр бүр ингэж амьдрах ёстой юм уу, эсвэл зөвхөн маргааш уу гэж бодож байлаа. Гэхдээ энэ бодол толгойд үлдчихсэн байсан болохоор өөрийгөө гоочлох үг хэлмэгцээ шууд л тоглосон юм гэж залруулсан" хэмээжээ.

Саяхан "I'd Be Lyin'" нэртэй шинэ синглээ гаргасан Кларксоны Лас-Вегас дахь тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд (8-р сарын 14-15) болох тоглолтоор өндөрлөх бөгөөд одоо ердөө хоёр тоглолт үлдээд байгаа ажээ.