Хэдхэн жилийн өмнө өдөр тутмын эгэл жирийн ажил эрхэлж, оройдоо жижиг пабуудад дуулдаг байсан Америкийн The Creekers хамтлаг өдгөө хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирж байна.
Кентакки мужийн Лесли тойрогт 2022 онд байгуулагдсан зургаан гишүүнтэй тус хамтлаг аравдугаар сарын 30-ны Баасан гарагт өөрсдийн хоёр дахь бүрэн хэмжээний цомог болох "Follow the Sound"-оо худалдаанд гаргажээ. Энэ нь тэдний "Warner Records Nashville" лейблтэй хамтран гаргасан анхны цомог юм.
Хамтлагийн ахлагч, гоцлол дуучин Таннер Хортон, хийлч Анна Блантон, Скотт Саттон, Аллен Хакер болон ах дүүс болох Эштон, Жаггер Боулинг нар өмнө нь тавилга, түгээлтийн төв, ой модны аж ахуй, морины тах зэрэг төрөл бүрийн ажил хийдэг байжээ. Харин тэдний 2025 онд нийтэлсэн "Tennessee" дууны бичлэг нь цахим орчинд богино хугацаанд олон зуун мянган хандалт авснаар байдлыг эрс өөрчилсөн байна. Үүний үр дүнд тэд "Ryman Auditorium", "Red Rocks Amphitheatre" зэрэг алдартай газруудад дуулж, улмаар "Grand Ole Opry" тайзнаа анхны тоглолтоо хийж чаджээ.
Тэд өөрсдийн хөгжмийн урсгалыг "creekergrass" хэмээн нэрлэдэг бөгөөд блүграсс, кантри, поп, блюз болон госпел урсгалыг хослуулснаараа онцлогтой. Хамтлагийн гишүүн Эштон Боулинг үүнийг "төрөл бүрийн хөгжмийн том шавар шавхай шиг холимог" гэж тодорхойлжээ.
Шинэ цомогт орсон "Little Man" дуу нь Таннер Хортоны дөрвөн настай хүүгээс сэдэвлэгдсэн бөгөөд эцэг хүний хайр, нандин дурсамжийг өгүүлдэг байна.