Холливудын алдарт жүжигчин Киану Ривз 9 дүгээр сарын 21-нд Сан-Франциско хотын Warfield театрт болсон Питер Хукийн тоглолтыг үзэж, шүтэн бишрэгчийн хувьд мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлжээ. Тэрбээр уг тоглолтын өмнө микрофон барин тайзнаа гарч, “Joy Division” болон “New Order” хамтлагийн үүсгэн байгуулагч, басс гитарчин Питер Хук болон түүний “The Light” хамтлагийг үзэгчдэд танилцуулан зарласан байна.

Киану Ривз бол “Joy Division” хамтлагийн олон жилийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд өмнө нь “The Late Show With Stephen Colbert” нэвтрүүлэгт оролцохдоо тус хамтлагийн “Love Will Tear Us Apart” дууг өөрийн бүх цаг үеийн хамгийн дуртай уран бүтээл хэмээн нэрлэж байжээ. Нийт 26 дуу эгшиглэсэн уг тоглолтын төгсгөл хэсэгт Питер Хук алдарт 1980 оны уг сонгодог дуугаа Киану Ривзд зориулан тоглосон байна. Тоглолтын үеэр Киану Ривз тусгай суудлаасаа дуунд бүрэн автан бүжиглэж буй бичлэг цахим сүлжээнд тавигджээ.

Энэхүү үйл явдлын маргааш орой нь Киану Ривзийн өөрийнх нь Dogstar хамтлаг “All In Now” аялан тоглолтынхоо хүрээнд Сан-Франциско хотын Fillmore театрт тоглосон юм. 1990-ээд оны эхээр Лос-Анжелес хотод байгуулагдсан Dogstar хамтлагт дуучин, гитарчин Брет Домроз болон бөмбөрчин, жүжигчин Роберт Мэйлхаус нар багтдаг. 2002 онд тарсан тус хамтлаг 2020 онд эргэн нэгдэж, 2023 онд гаргасан “Somewhere Between the Power Lines and Palm Trees” цомог нь Billboard-ийн Винил цомгийн чартын 6-р байранд хүрч байжээ. Мөн тэдний энэ онд өөрсдийн “Dillon Street Records”-оор дамжуулан гаргасан “All In Now” цомгийн ижил нэрт дуу нь өнгөрсөн 4 дүгээр сард “Mainstream Rock Airplay” чартад багтсанаар хамтлагийн хувьд 25 гаруй жилийн дараа анх удаа Billboard-ийн дууны чартад эргэн ирсэн үзүүлэлт болсон юм.

Харин хөгжимчин Питер Хукийн хувьд энэ намар “Joy Division” болон “New Order” хамтлаг дахь ажлаараа “Rock & Roll Hall of Fame”-ийн 2026 оны танхимд нэрээ мөнхлөхөөр болоод байна. Түүнтэй хамт Фил Коллинз, Билли Айдол, Айрон Мэйден, Оазис, Шаде, Лютер Вандросс болон Ву-Танг Клан нар тус танхимд багтаж байгаа ажээ.