Австралийн дуучин, дуу зохиогч бөгөөд олон улсын түвшний усанд сэлэлтийн тамирчин Коди Симпсон эх орондоо болох Америкийн хөлбөмбөгийн (NFL) түүхэн тоглолтын нээлтэд төрийн дууллаа эгшиглүүлэх гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь Австралийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй хамгийн анхны NFL-ийн улирлын албан ёсны тоглолт бөгөөд “Лос-Анжелес Рамс” болон “Сан-Франциско Фортинайнэрс” багууд өрсөлдөх юм. Тоглолт есдүгээр сарын 10-ны пүрэв гарагт Мельбурн Крикет Граунд (MCG) цэнгэлдэхэд товлогджээ.

Цэнгэлдэх хүрээлэнд нийт 100,000 гаруй үзэгч хуран цугларах төлөвтэй байгаа бөгөөд 29 настай уран бүтээлч Симпсон “The Hit Network”-ийн ярилцлагад орохдоо сэтгэл нь нэлээд догдолж, бага зэрэг сандарч байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр дүүрэн хүнтэй MCG цэнгэлдэхийг “айдас төрүүлэм сүрлэг” газар хэмээн тодорхойлсон ч өмнө нь 2024 оны AFL-ийн шигшээ тоглолт, 2022 оны Мельбурны цом болон 2016 оны NBA-ийн тоглолтын өмнө төрийн дууллыг дуулж байсан туршлагатай билээ.

Коди Симпсон 13 настайдаа Лос-Анжелес хот руу нүүж, гэрээ байгуулж байсан тул уг тоглолтын нэг хэсэг болж байгаадаа баяртай байгаагаа онцолжээ. Сонирхуулахад, уг тоглолтын завсарлагын шоуг (half-time show) алдарт Жонас Бродерс хамтлаг толилуулахаар болсон байна.

Хөгжмийн ертөнцөд Billboard 200 жагсаалтын шилдэг 10-т багтаж байсан Симпсон спортын талбарт ч өндөр амжилт гаргасан нэгэн юм. Тэрбээр 2022 оны Хамтын нөхөрлөлийн наадмаас (Commonwealth Games) буухиа сэлэлтийн төрлөөр алт болон мөнгөн медаль хүртэж байжээ.