Дижитал хөрөнгө болон нээлттэй эхийн экосистемийн 40 гаруй байгууллагын дэмжлэгтэйгээр Биткойн бодлогын хүрээлэн (BPI)-ээс санаачилсан уриалгыг Койнбэйс (Coinbase), Стратежи (Strategy) болон Блокстрим (Blockstream) зэрэг крипто салбарын томоохон төлөөллүүд дэмжиж эхэллээ. Наймдугаар сарын 10-нд зарласан уг санаачилга нь шаардлага хангасан крипто хамгаалагчдад кибер аюулгүй байдлын дэвшилтэт AI загваруудад илүү өргөн нэвтрэх боломж олгохыг тэргүүлэх AI лабораториудад уриалж байгаа юм.
Энэхүү уриалгаар тэргүүлэгч AI лабораториудаас шаардлагатай тохиолдолд дэвшилтэт загваруудад эрт хандах боломж олгох, аюулгүй байдлын байнгын үнэлгээ хийхэд хүрэлцэхүйц тооцоолон бодох хүчин чадлаар хангах, мөн хаалттай эх кодуудад зориулсан хамгаалалттай орчныг бүрдүүлэхийг хүсжээ. Мөн жижиг хэмжээний ашгийн бус байгууллагууд болон хараат бус хөгжүүлэгчдийг гадуурхахгүй байх сонгон шалгаруулалтын дүрмийг бий болгохыг уриалсан байна. Учир нь хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр программ хангамжийн эмзэг байдлыг илрүүлэх, ашиглах чадвар нь нэмэгдэж, улмаар тэнцвэргүй байдал улам аюултай болж байгааг тэд анхааруулж байна.
Халдлага нэмэгдсэн ч хамгаалагчид хаалттай хэвээр байна
Крипто салбарт сүүлийн үед AI-тай холбоотой халдлагууд нэмэгдсээр байна. Каприоль Инвестментс (Capriole Investments)-ийг үүсгэн байгуулагч Чарльз Эдвардсын хэлснээр, ChatGPT гарсанаас хойш кибер халдлагын тоо хоёр дахин өссөн бөгөөд есдүгээр сараас хойш дахин 20 хувиар өссөн байна. Тэрээр үүнийг агентлагт суурилсан AI (agentic AI) гарч ирсэнтэй холбон тайлбарлажээ.
Гэвч крипто дэд бүтцийг хамгаалахаар ажиллаж буй аюулгүй байдлын судлаачид хариу арга хэмжээ авахын тулд ижил түвшний AI чадамжийг ашиглахад хүндрэлтэй хэвээр байгааг хэлж байна. Тухайлбал, Анкор Ватч (Anchor Watch) компанийн гүйцэтгэх захирал Роб Хамилтон өөрийн биеэр тулгарсан тодорхой жишээг хуваалцжээ. Тэрээр хэрэглэгчээ баталгаажуулах (KYC) болон тус компанийн кибер хөтөлбөрт бүртгүүлэх үйл явцыг бүрэн дуусгасан байсан ч, OpenAI компани түүнийг кодын сан дээр аюулгүй байдлын судалгаагаа үргэлжлүүлэхийг нь хориглосон байна.
Хамилтон хэлэхдээ: “Хар малгайтнууд (хакерууд) ийм асуудалтай тулгарахгүй. Харин цагаан малгайтнууд тулгарч байна. Бид бодлогын гацаанд орчихоод байна. Дүрэм журмыг дагадаггүй хүмүүсийн хувьд оюун ухаант технологи хязгаарлалтгүй байгаа бол хохирлыг бууруулахаар ажиллаж буй бид талбайн гадна үлдэж байна” гэжээ.
OpenAI болон Anthropic кибер хандалтыг өргөжүүлж эхэллээ
Энэхүү зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд сүүлийн нэг жилийн хугацаанд тэргүүлэх AI лабораториуд тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, BPI санаачилгаа зарласан өдөр буюу наймдугаар сарын 10-нд OpenAI компани өөрийн “Daybreak” кибер аюулгүй байдлын санаачилгаа өргөжүүлжээ. Гэхдээ талуудын хэн нь ч эдгээр үйл явдлыг хоорондоо холбоотой гэж мэдэгдээгүй байна.
OpenAI компани хандалтыг “Daybreak Blue” болон “Daybreak Red” гэж хоёр хуваасан бөгөөд ердийн үед илүү хүчтэй хамгаалалтын хязгаарлалтыг идэвхжүүлдэг кибер аюулгүй байдлын дэвшилтэт ажилд зориулсан GPT-5.6-Cyber загварыг танилцуулжээ. Энгийн хамгаалалтын системүүд нь хууль ёсны хамгаалалтын хүсэлтүүдийг хаах тохиолдол гардаг гэдгийг OpenAI хүлээн зөвшөөрсөн бөгөөд шинэ загвар нь судлаачдаас ирсэн санал хүсэлтийн хариу болж байгааг тэмдэглэв.
Дотоод туршилтаар, халдлагын гинжин хэлхээг хөгжүүлэх, нэвтрэх эрхийг тойрч гарах зэрэг нарийн төвөгтэй даалгавруудыг гүйцэтгэхэд GPT-5.6-Cyber загвар нь хүсэлтийн 95 хувийг амжилттай биелүүлсэн байна. Харин ижил загварыг “Daybreak Blue” сувгаар ашиглахад ердөө 2 хувийг, GPT-5.6 Sol загвар нь 1.5 хувийг л гүйцэтгэжээ. Гэсэн хэдий ч хандалт нь зөвхөн зөвшөөрөгдсөн хэрэглэгчдэд хязгаарлагдмал хэвээр байна. OpenAI нь хэрэглэгчийн хэн болохыг баталгаажуулах, дансны аюулгүй байдлыг чангатгах, хяналт тавих, зөвшөөрөгдсөн ашиглалтын хязгаарлалт болон хууль эрх зүйн баталгаа шаарддаг бол “Red” ангилал нь зөвшөөрөгдсөн дэвшилтэт туршилтуудад илүү чөлөөтэй боломжийг олгодог байна.