Алдарт R&B дуучин Крис Браун өөрийн Instagram Stories хуудсаараа дамжуулан шүүмжлэгчид болон хөгжмийн салбарынханд хатуухан хариу барилаа. Тэрбээр өөрийгөө хамгийн шилдэг нь буюу “хаан” хэмээн нэрлэж, өөрийнх нь хамгийн муу өдөр ч түүн шиг байж чадах уран бүтээлч энэ дэлхий дээр байхгүй хэмээн бичжээ. Түүнчлэн “сайхан зан гаргахаас залхлаа” гээд цаашид “эсрэг талын дүр” (villain) болоход бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Энэхүү мэдэгдэл нь саяхан AT&T Stadium-д болсон “R&B Tour”-ын үеэр болсон явдалтай холбоотой юм. Тоглолтын үеэр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Жасмин Крокетт, муж улсын төлөөлөгч Вентон Жонс нар Крис Браун болон дуучин Ашер нарт хууль тогтоох байгууллагын зүгээс хүндэтгэл үзүүлсэн байна. Тодруулбал, нэг хууль тогтоогч нь хос уран бүтээлчийг Конгрессын тэмдэглэлд оруулсан бол нөгөө нь тэдний уран бүтээлийг Техас муж улсад албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
Гэвч төлөөлөгч Жонс удалгүй байр сууринаасаа ухарч, Крис Брауны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан түүхтэй холбогдуулан сонгогчдоосоо уучлалт гуйсан юм. Үүнд бухимдсан Крис Браун хариулахдаа, өөрөө тэднээс ийм шагнал гуйгаагүй, харин тэд өөрсдөө ирсэн хэмээн онцолжээ. Мөн сонгогчдынхоо дэмжлэгийг алдахгүйн тулд ийнхүү уучлалт гуйж байна хэмээн буруутгасан байна.
Крис Браун 2009 онд тухайн үеийн найз охин Рианнад халдсан хэргээр буруугаа хүлээж, таван жилийн тэнсэн харгалзах ял, нийтэд тустай ажил хийх шийтгэл авч, гэр бүлийн хүчирхийллийн зөвлөгөөнд сууж байсан юм. Мөн 2021 онд түүний Калифорни дахь гэрт ахуйн маргаан гарсан гэх дуудлага цагдаад ирсэн ч прокурорууд хангалттай нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр хэрэг үүсгээгүй байдаг.
Хэдийгээр олон маргаантай асуудалд холбогддог ч тэрбээр Billboard Hot 100 чартад нийт 125 бүтээлээ багтаасан амжилттай бөгөөд үүнээс 17 нь шилдэг 10-т, “Run It!” болон “Kiss Kiss” гэсэн хоёр дуу нь тэргүүн байранд хүрч байжээ. Түүнчлэн Billboard 200 цомгийн чартад шилдэг 10-т 13 удаа бичигдсэнээс гурав нь жагсаалтыг тэргүүлж байв.