Дэлхийн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм болон Spice Girls хамтлагийн гишүүн асан Викториа Бекхэм нарын хүү Круз Бекхэм өөрийн хөгжмийн карьераа эхлүүлж байна. Тэрээр наймдугаар сарын 21-нд 'Wear & Tear' нэртэй анхны EP цомгоо Republic Records-оор дамжуулан гаргахаар төлөвлөж байгаа юм.

Круз саяхан SiriusXM Hits 1 Miami сувгийн Mack болон Jen нарын ярилцлагад оролцох үеэрээ эцэг эхийнхээ өгсөн хамгийн үнэ цэнтэй зөвлөгөөний талаар хуваалцжээ. Түүний хэлснээр, эцэг эх нь түүнд өөрийн ур чадвараа байнга хөгжүүлж, юу хийж байгаадаа хамгийн шилдэг нь байхыг зааж сургасан байна. Энэхүү дэмжлэгийн ачаар тэрээр тайзан дээр гитар тоглож, өөртөө итгэлтэйгээр уран бүтээлээ толилуулах боломжтой болжээ.

Эцэг эхийнх нь хэн нь илүү сайн зөвлөгч вэ гэсэн асуултад Круз ээжийгээ илүү гэж хариулжээ. Викториа Бекхэм түүнд: "Чи үүнийг ямар ч байсан хийх гэж байгаа юм чинь чадах бүхнээрээ л сайн хий" хэмээн зөвлөдөг байна. Мөн тэрээр ээжийнхээ олон мянган үзэгчдийн өмнө тоглож байсан туршлагад нь бүрэн итгэдэг гэдгээ илэрхийлжээ.

Круз Бекхэм шинэ цомгийнхоо нээлтийг тохиолдуулан АНУ-д анхны бие даасан аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Түүний аялан тоглолт долдугаар сарын 28-нд Вашингтон хотоос эхлэх бөгөөд үүний дараа Lollapalooza, Outside Lands, Shaky Knees зэрэг томоохон хөгжмийн наадмуудад оролцох юм. Тэрээр өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд шаргуу ажилласан бүтээлүүдээ сонсогчдод хүргэх гэж байгаадаа маш их баяртай байгаагаа онцолсон байна.