АНУ-ын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг 2026 оны FIBA Дэлхийн цом тэмцээнд таван тоглолт дараалан ялалт байгуулж, шигшээ тоглолтод шалгарлаа. Гэсэн хэдий ч багийн ахлах дасгалжуулагч Кара Лоусон 24 настай од тоглогч Кэйтлин Кларкийг нэг ч тоглолтод гарааны бүрэлдэхүүнд гаргаагүйд сагсан бөмбөг сонирхогчид шүүмжлэлтэй хандаж байна.

Дасгалжуулагч Кара Лоусон Кэйтлин Кларк, Пэйж Бюкерс, Эйнжел Риз зэрэг залуу тоглогчдоос илүү туршлагатай ахмад тамирчдаа гараанд тоглуулах бодлого баримталж буйгаа ил тод мэдэгдсэн юм. Хагас шигшээд АНУ-ын баг Испанийг 76-66 харьцаагаар хожих үеэр Кларкийн эцэг эх болох Брент Кларк, Энн Ницци-Кларк нар Германд ирж, охиноо үзэж буй бичлэг цахим орчинд цацагдсан нь энэхүү маргааныг улам дэвэргэв.

Гуравдугаар үед АНУ 55-49-өөр тэргүүлж байх үед уг бичлэгийг хийсэн бөгөөд охиныхоо тоглолтыг хараад алга ташин суух тэдний баргар царайг хөгжөөн дэмжигчид янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал, The Gateway Pundit хуудсанд "Дасгалжуулагчид түүнийг суулгаж, атаархсан тоглогчид тоглолтоос шахлаа" гэж бичжээ. Кларк болон түүний гэр бүлийнхэн ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч цахим сүлжээний зарим хэрэглэгчид багийн удирдлага, дасгалжуулагчдыг эрс шүүмжилсэн байна.

Тэмцээний туршид Кэйтлин Кларкийн үзүүлэлт харилцан адилгүй байв. Тэрбээр Хятадын эсрэг дебют тоглолтдоо 14 оноо, 11 оновчтой дамжуулалт өгч дээд амжилт тогтоосон бол Италийн эсрэг ердөө нэг оноо авчээ. Үүний дараа Чехийн эсрэг есөн оноо, долоон дамжуулалт, шөвгийн наймд Унгарын эсрэг 10 оноо, есөн дамжуулалт өгсөн байна. Харин хагас шигшээд Испанийн багтай тоглоход талбайд байх хугацаандаа ердөө нэг оноо, нэг самбараас бөмбөг авалт, нэг оновчтой дамжуулалт хийжээ.