Алдарт поп дуучин Кэти Перри өөрийн бүтээлийг нь зөвшөөрөлгүйгээр улс төрийн зорилгоор ашигласанд эгдүүцлээ илэрхийлсэн байна. Тодруулбал, Цагаан ордны албан ёсны TikTok хаягаар цэргийн ажиллагааг харуулсан хар цагаан дүрс бичлэг дээр түүний 2010 оны хит "Firework" дууг ашигласны дараа дуучин бүсгүй олон нийтийн сүлжээгээр дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Цагаан ордны TikTok хуудсанд нийтлэгдсэн тус бичлэгт "Ираныг анхаарууллаа" гэсэн тайлбарыг бичиж, дууны "boom, boom, boom" гэх хэсгийг бөмбөгдөлтийн дүрс бичлэгтэй эвлүүлсэн байна. Энэ үйлдлийг Кэти Перри "гүнээ цочирдож, уур хилэн төрүүлсэн" хэрэг хэмээн тодорхойлжээ.

Тэрээр өөрийн цахим хуудсандаа: "Би энэ дууг хүмүүсийн амьдралын хамгийн хүнд хэцүү мөчид тэдэнд итгэл найдвар, эдгэрэл, дотоод хүч өгөх дуулал болгож бичсэн. Өөрийгөө үнэлэх, хөгжөөн дэмжих утгатай дууг маань хүчирхийлэл, сүйрлийг сурталчлахад ашиглаж байгаад харамсаж байна" гэжээ. Мөн тэрээр өөрийн хөгжим нь хүмүүсийг нэгтгэхэд зориулагдсан болохоос дайн дажин сурталчлах зүйл биш гэдгийг онцолсон байна.

Энэхүү үйл явдал нь АНУ-ын засаг захиргаа уран бүтээлчдийн дууг зөвшөөрөлгүй ашигласан анхны тохиолдол биш юм. Өмнө нь Ариана Гранде, Кеша, Radiohead зэрэг олон уран бүтээлчид өөрсдийн дууг улс төрийн видео болон арга хэмжээнд ашигласныг эсэргүүцэж, шүүмжлэлтэй хандаж байсан удаатай.