Хип-хоп урлагийн анхдагчдын нэг, алдарт уран бүтээлч Күин Латифа өөрийн төрж өссөн Нью-Жерси мужийн Ньюарк хотын гэр бүлүүдэд зориулан боломжийн үнэтэй орон сууц бий болгох төсөлд гар бие оролцон тусалж байна. Энэ тухай түүний оролцсон BET телевизийн “You Can Go Home Again” нэртэй баримтат кино арваннэгдүгээр сарын 27-нд цацагдахаар төлөвлөгджээ.

Күин Латифа үл хөдлөх хөрөнгө, интерьер дизайныг эртнээс сонирхож ирсэн бөгөөд санаа байсан зүйл бодит барилга болж, тэнд хүмүүс амьдрахыг харах нь гайхалтай хэрэг хэмээн онцолжээ. Тэрбээр багшийн цалингаар хоёр хүүхдээ сургууль, коллежид сургах гэж хичээж байсан ээжийнхээ нөхцөл байдлыг бодож, хүмүүс санаа зовох зүйлгүй амьдарч болохуйц тийм л орон сууцыг бүтээн байгуулахыг зорьсон тухайгаа хуваалцсан байна. Түүний нийгэмд чиглэсэн уг санаачилгыг олон жилийн хамтрагч Procter & Gamble (P&G) компани бүрэн дэмжиж ажиллажээ.

Төрөлх хотдоо ийнхүү тусламж үзүүлж буй явдал нь түүний уран бүтээлийн замналын томоохон үйл явдалтай давхцаж байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын 14-ний Бямба гарагт Rock & Roll Hall of Fame-ийн "Early Influence Award" шагналын эзнээр тодорч, тус алдрын танхимд заларч буй юм.