BLACKPINK хамтлагийн гишүүн, реппер, дуучин Лиса Лас-Вегас хотын Caesars Palace дахь The Colosseum тайзнаа "Viva La Lisa" бие даасан шоугаа албан ёсоор эхлүүллээ. Ингэснээр тэрбээр Лас-Вегаст бие даасан тоглолтоо (residency) хийсэн анхны к-поп уран бүтээлч болж, карьертаа шинэ хуудас нээж байна.
Эхэндээ дөрвөн өдрийн хуваарьтай зарлагдсан тус тоглолтын тасалбар 10 минутын дотор бүрэн зарагдаж дууссан тул нийт тоглолтын тоог зургаа болгон өргөтгөжээ. Эхний тоглолт 11 дүгээр сарын 12-ны пүрэв гарагт болсон бөгөөд үргэлжлүүлэн 11 дүгээр сарын 13-14 болон 27-29-ний өдрүүдэд үзэгчдэд хүрэх юм.
Тоглолтын хөтөлбөр ба онцлог
Нийт 90 минутын турш таван бүлэгт хуваагдан үргэлжилсэн уг үзүүлбэр нь түүний 2025 оны хоёрдугаар сард гарсан анхны бие даасан Alter Ego цомог болон аравдугаар сарын 23-нд цацагдсан зургаан дуутай Press Play богино хэмжээний цомогт (EP) суурилжээ.
Тоглолт тайзны гал дүрэлзсэн уур амьсгал, савхин болон дотуур хувцасны загварын зохицолтой шийдлээр эхэлж, кино шинжтэй "Tarantino" дуугаар нээлтээ хийн, Тайланд хэв маягийг шингээсэн "SaWaDiKa" дуугаар өндөрлөсөн байна. Мөн түүний шинэ цомгийн "V12", "Cobra", "Cut U Off", "Sweat" зэрэг бүтээлүүдээс гадна 2021 онд гаргасан алдарт "Money", түүнчлэн "Rockstar", Розалиатай хамтарсан "New Woman", Дожа Кэт болон Рэй нартай хамтарсан "Born Again" зэрэг хит дуунууд эгшиглэжээ.
Тайланд гаралтай дуучин Лисагийн хувьд Alter Ego цомог нь Billboard 200 жагсаалтын 7-р байранд бичигдэж байсан төдийгүй тэрбээр 2025 онд Coachella наадамд бие даан оролцож, HBO-ийн "The White Lotus" цувралд тоглож жүжигчний карьераа ч эхлүүлээд байгаа юм.