Алдарт поп дуучин Лэди Гага (жинхэнэ нэр нь Стефани Германотта) болон түүний сүйт залуу, технологийн салбарын бизнес эрхлэгч Майкл Полански нар анхны хүүхдээ өлгийдөн авсан гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Хосууд өөрсдөө энэ талаар албан ёсоор хараахан зарлаагүй байгаа ч Page Six сайтын авсан гэрэл зурагт тэд Хойд Калифорнид хүүхэдтэй явж байсан бөгөөд дуучин бүсгүй нярайг дүүгүүрт тэвэрсэн байжээ. Хүүхдийн хүйс болон төрсөн огноо зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Billboard сэтгүүл уг мэдээллийг тодруулахаар дуучны төлөөлөгчтэй холбогдоод буй аж.
Хосууд 2020 оны эхнээс болзож эхэлсэн бөгөөд Гага 2024 оны долдугаар сард Майкл Поланскиг анх "сүйт залуу" хэмээн олонд дурдсан байдаг. Дараа нь тэрбээр Jimmy Kimmel Live! нэвтрүүлэгт оролцохдоо Полански 2024 оны дөрөвдүгээр сард хаданд авирах аяллын үеэр гэрлэх санал тавьсан болохыг хуваалцаж байв.
Лэди Гага өнгөрсөн дөрөвдүгээр сард The Mayhem Ball аялан тоглолтоо өндөрлүүлснээс хойш олон нийтийн хараанаас хол нам гүм байсаар иржээ.