Лэйни Уилсон CMA Awards наадмыг хоёр дахь удаагаа ганцаарчлан хөтлөх анхны эмэгтэй болох гэж байна. Тэрбээр 2024 онд Люк Брайан, Пейтон Мэннинг нартай хамтран уг наадмыг хөтөлсний дараа өнгөрсөн жил ганцаараа хөтөлсөн юм. Өмнө нь тус наадмыг эмэгтэй уран бүтээлчдээс Долли Партон 1988 онд, Риба МакЭнтайр 1991 онд тус бүр нэг удаа ганцаарчлан хөтөлж байжээ.

Энэхүү шийдвэрийг есдүгээр сарын 5-ны Бямба гарагт ESPN сувгийн “College GameDay” нэвтрүүлгийн үеэр шууд зарласан бөгөөд энэ нь Уилсоны төрөлх Луизиана мужийн их сургуулиас хийсэн тус нэвтрүүлгийн 500 дахь дугаартай давхацсан байна. Өдгөө 34 настай тэрбээр “Энэ жил, ялангуяа 60 жилийн ойн босгон дээр CMA Awards-ийг дахин хөтлөх болсондоо маш их баяртай байна. Сүүлийн хоёр жил хөтлөхөд үнэхээр сайхан байсан, энэ удаагийнх бүр ч онцгой байх болно” хэмээн мэдэгджээ.

Лэйни Уилсон сүүлийн гурван жилийн хугацаанд CMA Awards-аас нийт 12 шагнал хүртээд байгаа бөгөөд эмэгтэй уран бүтээлчдийн жагсаалтад зөвхөн 14 шагналтай Миранда Ламбертын ард хоёрдугаарт бичигдэж байна. Бүх хөтлөгчдөөс Винс Гилл тус наадмыг хамгийн олон буюу 10 удаа ганцаарчлан хөтөлсөн бол Жонни Кэш дөрөв, Теннесси Эрни Форд болон Кенни Рожерс нар тус бүр гурван удаа ганцаарчлан хөтөлж байжээ.

Жил бүр зохиогддог 60 дахь удаагийн CMA Awards наадам 11 дүгээр сарын 18-ны Лхагва гарагт Нэшвилл хотын Bridgestone Arena цэнгэлдэх хүрээлэнгээс ABC болон Disney+ сувгаар шууд цацагдах бөгөөд маргааш нь Hulu тавцанд байрших юм. Энэ удаагийн наадмын нэр дэвшигчдийг есдүгээр сарын 10-ны Пүрэв гарагт ABC-ийн “Good Morning America” нэвтрүүлгээр болон CMA-ийн албан ёсны YouTube сувгаар шууд зарлах хуваарьтай байна.