Америкийн алдартай кантри дуучин Люк Комбс Лондон хотын алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд бие даасан тоглолт хийсэн анхны кантри уран бүтээлч болж түүхэнд нэрээ үлдээлээ. Гиннесийн дээд амжилтын байгууллагаас түүнийг энэхүү амжилтыг албан ёсоор тогтоосон анхны соло кантри уран бүтээлч болохыг баталгаажуулсан байна.
Комбс өнгөрсөн долдугаар сарын 29 болон наймдугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус цэнгэлдэхэд нийт гурван удаагийн тоглолт хийсэн юм. Эдгээр тоглолт нь түүний гуравдугаар сард Невада мужийн Парадайз хотоос эхлүүлсэн, Хойд Америк болон Европыг хамарсан 23 өртөө бүхий аялан тоглолтын хаалтын хэсэг байлаа. Тэрээр Уэмблид тоглохоос гадна Ирландын Слэйн цайз болон Эдинбургийн Мюррейфилд цэнгэлдэхэд тус бүр хоёр удаагийн тоглолтыг хийгээд байна.
Гиннесийн дээд амжилтын бүртгэлд Тейлор Свифт 2025 онд Уэмблид найман удаа тоглосон боловч түүнийг кантри уран бүтээлчээс илүүтэй поп чиглэлийн дуучин гэж үздэг тул энэхүү амжилтад тооцоогүй байна. Мөн 2019 онд кантри хөгжмийн домог Винс Гилл "Eagles" хамтлагийн тоглолтын үеэр тайзан дээр гарч байсан ч энэ нь бие даасан тоглолт байгаагүй юм.
Люк Комбс сүүлийн жилүүдэд Их Британийн хөгжмийн чартуудад амжилттай байгаа бөгөөд түүний Growin’ Up, Gettin’ Old, The Way I Am зэрэг цомгууд шилдэг 10-т багтсан байна. Түүнээс гадна энэ онд Зак Брайан Лондон хотын Хайд Паркад тоглолт хийж, "C2C" хөгжмийн наадам зохион байгуулагдсан зэрэг нь Их Британийн амьд хөгжмийн тайзнаа кантри урсгал хүчээ авч байгааг харуулж байна.