Мадонна, U2, Blur зэрэг дэлхийн алдартнуудын дууг бүтээлцсэн Британийн нэрт продюсер Уильям Орбит 69 насандаа таалал төгсжээ. Түүний гэр бүл болон найз нөхдийнх нь зүгээс мэдээлснээр, тэрээр долдугаар сарын 23-ны өдөр гэртээ таалал төгссөн байна. Түүний нас барсан шалтгааныг одоогоор албан ёсоор мэдээлээгүй байна.
Уильям Орбит нь 1998 онд гарсан Мадоннагийн "Ray of Light" цомгийн продюсероор ажиллаж, техно, трип-хоп болон даунтемпо урсгалыг хослуулсан өвөрмөц дуугаралтаараа олонд танигдсан юм. Энэхүү цомог нь Billboard 200 жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж, 1999 оны Грэммийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг поп цомог" шагналыг хүртэж байв. Мадонна түүнийг "жинхэнэ галзуу суут ухаантан" хэмээн тодорхойлж байсан удаатай.
Тэрээр мөн Blur хамтлагийн 1997 оны "13" цомог дээр ажиллаж, хамтлагийн хөгжмийн хэв маягийг өөрчлөхөд томоохон нөлөө үзүүлсэн билээ. Түүний уран бүтээлийн замналд U2, All Saints, P!NK, Бритни Спирс болон Крис Браун зэрэг олон алдартай уран бүтээлчидтэй хамтран ажилласан туршлага багтдаг.
Орбит өөрийн бие даасан "Strange Cargo" цомгуудын цувралаараа Британийн электрон хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг байсан бөгөөд хамгийн сүүлд 2022 онд "The Painter" нэртэй цомгоо гаргажээ. Түүнийг таалал төгссөнтэй холбогдуулан Мелани С болон Кэти Би зэрэг хамтран ажиллаж байсан уран бүтээлчид гүн эмгэнэл илэрхийлж, түүний хөгжмийн ертөнцөд оруулсан хувь нэмэр болон зан чанарыг нь дурссан байна.