Поп хөгжмийн ертөнцийн домог Мадонна Billboard-ын чартуудад дахин нэгэн түүхэн амжилтыг бүртгүүллээ. Тэрээр долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Billboard 200 чартад шинээр гарсан "Confessions II" цомог-оороо нэгдүгээр байрт бичигдсэнээр энэхүү чартад 10 дахь удаагаа тэргүүлж байна.

Энэхүү амжилтаараа Мадонна Billboard-ын хамгийн нэр хүндтэй хоёр чарт болох Billboard 200 (цомог) болон Billboard Hot 100 (дуу) чартуудад тус бүр 10 ба түүнээс дээш удаа тэргүүлсэн дэлхийн дөрөвхөн уран бүтээлчийн эгнээнд багтлаа. Billboard 200 чарт 1956 оноос, харин Hot 100 чарт 1958 оноос эхлэн тогтмол хэвлэгдэж эхэлсэн түүхтэй.

Мадоннагийн хувьд Billboard 200 чартад анх 1985 оны хоёрдугаар сард "Like a Virgin" цомгоороо тэргүүлж байсан бол Hot 100 чартад 12 удаа нэгдүгээр байрт бичигдэж байв. Түүний Hot 100 чарт дахь анхны тэргүүлэгч дуу нь 1984 оны арванхоёрдугаар сард гарсан "Like a Virgin", хамгийн сүүлийнх нь 2000 оны есдүгээр-аравдугаар сард гарсан "Music" дуу байжээ.

Шинээр гарсан "Confessions II" цомог нь 2019 оны "Madame X" цомгоос хойшхи түүний анхны шинэ студийн цомог юм. Энэхүү бүтээл нь 2005 оны "Confessions on a Dance Floor" цомгийн үргэлжлэл бөгөөд тухайн үед хамтран ажиллаж байсан продюсер Стюарт Прайстай дахин нэгдсэн байна. Цомогт Сабрина Карпентертэй хамтарсан "Bring Your Love" дуунаас гадна Фейд, Мартин Гаррикс, Стромай болон Мадоннагийн охин Лола Леон зэрэг уран бүтээлчид оролцжээ.