Хүлээлт өндөр байгаа Grand Theft Auto VI (GTA 6) тоглоомын үйл явдал Майами хотоос сэдэвлэсэн зохиомол Вайс Сити хотод өрнөдөг. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Флорида муж дахь Майами-Дэйд тойргийн зарим албан тушаалтан хотоо уг тоглоомын сэдвээр түр өөрчилж, аялал жуулчлалын маркетингийн боломж болгохыг зорьж байна.

Төслийн төлөвлөгөө ба саналууд

*The Miamian* хэвлэлийн мэдээлснээр тойргийн удирдлагууд 6-р сарын 29-нд тоглоомыг хөгжүүлэгч Rockstar Games компанид хамтран ажиллах танилцуулгаа хүргүүлжээ. Уг танилцуулгад Майамигийн олон улсын нисэх онгоцны буудал болон Metromover нийтийн тээврийн зарим хэсгийг Вайс Сити хэв маягаар хувиргах, хотын төв номын санд "Vice City Radio Lab" төв байгуулах зэрэг саналууд багтсан байв.

Майами-Дэйд тойргийн захирагч Даниэлла Левин Кавагийн хэвлэлийн төлөөлөгч Карлос Суарез Rockstar компанитай боломжит хувилбаруудын талаар ярилцсан ч албан ёсны тохиролцоонд хүрээгүй байгааг баталсан байна. Мөн Майами хотын комиссар Дэмиан Пардо 9-р сарын 10-нд болох хуралд уг тоглоомын сурталчилгааны самбар, барилгын хуулгыг байршуулах тусгай зөвшөөрөл олгох тогтоолын төслийг өргөн барихаар төлөвлөжээ. Rockstar-аас орж ирэх хөрөнгийг 33 акр талбай бүхий "Rev. Edward T. Graham Heritage Trail" задгай талбайг тохижуулахад зарцуулна гэж Пардо тайлбарласан байна.

Хууль сахиулагчид эрс эсэргүүцэв

Гэвч энэхүү төлөвлөгөөг цагдаагийн байгууллага болон зарим төлөөлөгчид сайшаахгүй байна. Майами-Дэйд тойргийн Шериф Рози Кордеро-Стутц 9-р сарын 3-нд байр сууриа илэрхийлэхдээ, гэмт хэрэг, дээрэм, машин хулгайлах зөрчлийг бууруулахаар өдөр бүр ажиллаж байхад төр засаг нь гэмт хэрэгт суурилсан тоглоомын зохиомол дүр төрхийг сурталчлах нь зохисгүй гэж үзжээ. Тэрбээр "Майами-Дэйд тойрог бол Вайс Сити биш" гэдгийг онцолсон юм.

Мөн тус тойргийн 12-р тойргийн комиссар Хуан Карлос Бермудез уг саналыг шүүмжилж, Майамигийн нисэх буудлыг "Вайс Сити нисэх буудал" болгон өөрчлөх талаар ярилцаж буйд итгэж чадахгүй байгаагаа илэрхийлжээ.