Попын хаан Майкл Жексоныг бага насны хүүхэд байхдаа өөрсдийг нь бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байсан гэж мэдэгдсэн нэгэн гэр бүлийн ах дүүс Холливудын алдартай хуульч Брайан Фридманыг шүүхэд өгчээ. Уг нэхэмжлэлийг Лхагва гарагт (11-р сарын 18) Лос-Анжелесийн шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэлийг Жексоны “хоёр дахь гэр бүл” гэгддэг байсан Каскиогийн гэр бүлийн таван ах дүү болох Фрэнк, Эдвард, Доминик, Алдо, Мари-Николь болон Мари-Николын нөхөр Жэймс Порте нар гаргажээ. Тэд өмнө нь Майкл Жексоныг олон жилийн турш өмгөөлж, хамгаалж ирсэн ч 2019 онд гарсан “Leaving Neverland” баримтат киноны дараа дуучны “тархи угаалтаас” гарсан гэж мэдэгдэн, дуучин өөрсдийг нь бага насанд нь хүчирхийлж байсан гэх асуудлыг хувийн журмаар хөндөж эхэлсэн байна.

Шүүхийн нэхэмжлэлд дурдсанаар, Жексоны өвийн сан эдгээр асуудал гармагц Ребел Уилсон, Вин Дизель нарын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Брайан Фридманыг хөлсөлж, хохирогчдыг төөрөгдүүлэн амыг нь таглах нууц гэрээнд гарын үсэг зуруулсан гэжээ. Тус гэрээгээр ах дүү тав тус бүрд 3.5 сая орчим ам.доллар олгохоор амлаж, хариуд нь болсон явдлыг олон нийтэд дэлгэхгүй байх болон цаашид ямар ч хуулийн хариуцлага нэхэмжлэхгүй байх нөхцөлийг тусгасан байна.

Каскиогийнхон Фридманыг өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалж байна гэж худал хэлэн бие даасан өмгөөлөгч авахыг болиулж, үнэндээ Жексоны өвийн сангийн талд ажилласан гэж буруутгаж байгаа юм. Улмаар тэд өөрсдийн хууль ёсны эрхээ алдаж, өвийн санг хариуцлагаас чөлөөлсөн уг гэрээний улмаас санхүүгийн хохирол учирсан тул Фридманаас хохирлоо нэхэмжилжээ.

Энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан хуульч Фридман болон Жексоны өвийн сангийн төлөөлөгчид одоогоор албан ёсны хариу өгөөгүй байна. Жексоны өвийн сан урьд нь Каскиогийнхны мэдэгдлийг “мөнгө олох гэсэн цөхөрсөн үйлдэл” хэмээн тодорхойлж байжээ.