Попын хаан Майкл Жексоны алдарт “Billie Jean” дуу Gabb Music платформын шилдэг дууны 2026 оны 7-р сарын жагсаалтыг хоёр дахь сардаа дараалан тэргүүллээ. Тэрбээр уг чартад Зара Ларссон, Элла Лэнгли нарын уран бүтээлчдийн өрсөлдөөнийг даван нэгдүгээрт бичигдсэн байна.
Billboard сэтгүүл хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан утасны “Gabb Wireless” компанитай хамтран Gabb Music платформын стриминг хандалтад суурилсан сар тутмын чартыг 2024 оны 10-р сараас эхлэн гаргаж буй юм. Gabb Music-ийн каталогид зөвхөн хүүхэд, залууст тохиромжтой агуулгатай уран бүтээлүүдийг сонгон оруулдаг бөгөөд эдгээр хандалтын тоо нь Billboard-ийн бусад чартуудад одоогоор тооцогддоггүй байна.
1983 онд гарсан “Billie Jean” дуу өнгөрсөн тавдугаар сарын чартад 3-р байраар анх орж ирсэн бол зургаадугаар сард нэгдүгээр байрт хүрсэн юм. Энэхүү амжилт нь саяхан гарсан “Michael” намтарчилсан кинотой холбоотойгоор түүний дуунуудын эрэлт сэргэснээс үүдэлтэй аж. Долоодугаар сарын шилдэг 25 дууны жагсаалтад Майкл Жексоны нийт таван дуу багтсанаас “Beat It” дөрөвдүгээр байрт, “Chicago” наймдугаар байрт, “Smooth Criminal” 18-д, “Bad” дуу 25-р байрт тус тус эрэмбэлэгджээ.
Түүнчлэн Zara Larsson-ий “Lush Life” дуу хоёрдугаар байрт, Billboard Hot 100 чартыг 18 долоо хоногийн турш тэргүүлж буй Ella Langley-ийн “Choosin’ Texas” гуравдугаар байрт орсон байна. Мөн Оливиа Родригогийн “The Cure” дуу 7-р байр луу өссөн бол Малколм Тоддын “Earrings” дуу 9-р байраар, Шакира болон Burna Boy нарын 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу “Dai Dai” 11-р байраар чартад шинээр хүч түрэн орж иржээ.