Майкл Страханы охин Изабелла Страхан 2023 онд тархины хорт хавдартай гэж оношлогдсоноосоо хойш туулсан замнал болон өвчнийг ялсны дараах өдөр тутмын амьдралынхаа талаар саяхан ENEWS-т өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй ярьжээ.

Өдгөө тэрбээр USC (Өмнөд Калифорнийн их сургууль)-д суралцахаар эргэн ирсэн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа аж. Изабелла эрүүл мэндийнхээ талаар хуваалцахдаа: “Миний бие сайн байгаа. Сургуульдаа буцаад орчихсон. Эрүүл мэндийн хувьд байнга эмнэлгийн цаг аваад завгүй байгаад байх зүйлгүй болсон. Үнэндээ өчигдөр л эмчийн үзлэгт орсон, гэхдээ энэ бүхэн зүгээр л хяналтын үзлэгүүд юм. Би гурван сар тутамд MRI оношилгоонд ордог нь надад сэтгэлийн амар амгаланг өгдөг” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, нойроо бүтэн авах, зөв хооллож, ус их уух зэрэг амьдралын зөв хэв маягийг нэгдүгээрт тавьж байгаагаа онцолсон байна.

Өвчний эхлэл ба яаралтай хагалгаа

Изабелла USC-ийн нэгдүгээр курст дөнгөж орж байх үедээ өвчний анхны шинж тэмдгүүдийг мэдэрч эхэлжээ. Толгой өвдөх, дотор муухайрах, тэнцвэр алдагдах зэрэг шинжүүд илэрч байсан бөгөөд 2023 оны аравдугаар сарын нэгэн шөнө бие нь маш их тавгүйтэж, цусаар бөөлжсөн байна. Тэрбээр ноцтой зүйл болсныг мэдээд ихэр эгч Софиядоо хэлж, улмаар гэр бүлийнхэндээ мэдэгджээ.

Эмчид хандаж MRI хийлгэхэд түүний бага тархины орчимд хурдацтай томорч буй хавдар илэрсэн байна. Эмч нар түүнийг хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог ч өсвөр насныхан болон залуучуудад ч илэрч болох тархины хорт хавдар буюу медуллобластома гэж оношилжээ. Ингээд 19 насны төрсөн өдрөөсөө нэг өдрийн өмнө тэрбээр яаралтай хагалгаанд орж, гавлын ясыг нээн хавдрыг авсан ба уг хагалгаа ойролцоогоор таван цаг орчим үргэлжилсэн гэж тайлагнасан байна.

Эмчилгээний үйл явц

Хагалгааны дараа Изабелла зургаан долоо хоногийн турш нийт 30 удаагийн туяа эмчилгээ хийлгэсэн юм. Анх эмч нар зургаан үе шаттай химийн эмчилгээ хийхээр төлөвлөж байсан ч төлөвлөгөөгөө дөрвөн шат болгон бууруулснаар тэрбээр эмчилгээгээ хугацаанаас нь өмнө амжилттай дуусгаж чаджээ. Изабелла энэхүү хүнд үеийнхээ явцыг баримтжуулан хуваалцаж байсан бөгөөд өмнөх хагалгааны хэсгийг дахин үнэлэх зорилгоор хоёр дахь удаагаа хагалгаанд орсноо ч мөн хуваалцаж байв.