Дэлхийн поп од Майли Сайрус өөрийн 10 дахь бүрэн хэмжээний цомгийн ажил өндөрлөх шатандаа орж байгааг зарлалаа. Тэрээр Wonderland сэтгүүлийн шинэ дугаарт өгсөн ярилцлагадаа энэхүү шинэ төсөл нь өөрийгөө хайрлах хайр болон сүйт залуу Макс Морандотой холбоотой хайрын түүхийг өгүүлэх болно гэжээ.

Дуучин бүсгүй шинэ цомгийнхоо талаар “Энэ бол хайрын түүх, гэхдээ хайрын түүхүүд хэзээ ч нэг хэмжээстэй байдаггүй” хэмээн онцолсон байна. Түүний хэлснээр, цомог нь нийт 10 дуунаас бүрдэх бөгөөд 2027 оны Грэммийн шагнал гардуулах ёслолоос өмнө олны хүртээл болох магадлалтай аж.

Майли Сайрус өмнөх гурван цомгийнх нь туршид "өөрийгөө хайрлах болон бусадтай хуваалцах хайр" гэсэн сэдэв давамгайлж ирснийг дурдаад, энэ удаагийн бүтээл нь тэрхүү хувьслын үргэлжлэл болохыг тайлбарлав. "Өөртэйгөө харилцах харилцаа өөрчлөгдөхөд эргэн тойрны бүх харилцаа өөрчлөгддөг" гэж тэрээр нэмж хэлжээ.

Тэрээр мөн 13 жил хамтран ажилласан Sony-гийн дараа Atlantic Records-той шинээр гэрээ байгуулснаа зарласан юм. Өмнөх бүтээл болох "Endless Summer Vacation" цомог нь Billboard 200 жагсаалтын дөрөвдүгээр байрт бичигдэж, "Flowers" дуугаараа томоохон амжилт олсон билээ.

Шинэ цомгийн бүтээх үйл явцын талаар Майли "Энэ удаагийн ажил өмнөхөөсөө өөр, маш байгалийн бөгөөд хүчлээгүй өрнөсөн. Би эхнээсээ л 10 дуутай байна гэдгээ мэдэж байсан нь надад маш тодорхой чиглэл өгсөн" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.