Хүүхэд насны жүжигчнээс поп од болсон алдарт дуучин Майли Лос-Анжелес хотын алдарт Hollywood Bowl тайзнаа өнгөрсөн баасан гарагт (10-р сарын 16) тоглолтоо хийлээ. Тэрбээр тоглолтынхоо өмнөхөн нийгмийн сүлжээндээ "Ийм домогт тайзан дээр тоглох нь миний үргэлж мөрөөдөж ирсэн зүйл байсан" хэмээн бичсэн байна.
Майли хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Мексикт 150,000 гаруй үзэгчийн өмнө бүрэн хэмжээний тоглолт хийснээс хойш тайзнаас хол байсан юм. Үүнээс хойш тэрбээр "Chateau Marmont"-д цөөн тооны уригдсан зочдод зориулсан жижиг тоглолтууд хийж байв. Харин 17,500 хүний багтаамжтай "Hollywood Bowl"-д хийсэн түүний хоёр өдрийн тоглолтын эхнийх нь ийнхүү үзэгч дүүрэн болж, дараагийн тоглолт нь ням гарагт (10-р сарын 18) товлогджээ.
Энэхүү тоглолтын үеэр тэрбээр "Bass Persuades" цомгийнхоо дуунуудыг анх удаа амьдаар дуулснаас гадна "We Can't Stop", "Party in the U.S.A", "The Climb" зэрэг үе үеийн хит бүтээлүүдээ хүргэсэн байна.
Сүүлийн жилүүдэд Майлигийн замнал томоохон амжилтаар дүүрэн байгаа юм. 2024 оны Грэммийн шагнал гардуулах ёслолоос тэрбээр Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлсэн "Flowers" дуугаараа оны шилдэг бичлэг, шилдэг поп гоцлол тоглолт гэсэн хоёр шагналыг анх удаа хүртсэн. Мөн 2025 онд Spotify-ийн тэрбум хандалтын клубт (Billions Club) нэгдэж, Парист "Wrecking Ball", "The Climb" зэрэг дуунуудаа эгшиглүүлсэн билээ. Үүнээс гадна энэ онд "Ханна Монтана" цувралынхаа 25 жилийн ойг Disney+ тусгай нэвтрүүлгээр тэмдэглэж, тайзны нэрнээсээ "Сайрус" хэмээх овгоо хасаж Мадонна, Шер, Бейонсе нарын адил ганц нэрээр нэрлэгдэх болсон байна.