Манчестер хотоос гаралтай алдартай рэппер Aitch өөрийн оролцсон буяны аяны тухай өгүүлэх «Aitch: Don’t Be Afraid» нэртэй баримтат киногоо үзэгчдэд хүргэхээр боллоо. Уг бүтээл нь 7-р сарын 26-нд Netflix стриминг платформ дээр албан ёсоор нээлтээ хийх юм.
Энэхүү баримтат кинонд рэппер 2025 оны 1-р сард өөрийн гэр бүл, найз нөхөд болон багийн хамт олонтойгоо хамт Африкийн хамгийн өндөр оргил болох Килиманжаро ууланд авирсан үйл явцыг харуулна. Уг аялал нь Down’s Syndrome Association буюу Дауны хам шинжтэй хүмүүст туслах нийгэмлэгийг дэмжих, олон нийтэд таниулах зорилготой байсан бөгөөд Aitch тус байгууллагын элч төлөөлөгчийн хувиар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Тэрээр Дауны хам шинжтэй дүү Грэйсигээсээ урам зориг авч энэхүү аяныг эхлүүлсэн бөгөөд нийт 160,000 фунт стерлингээс давсан хандив цуглуулж, анх төлөвлөсөн зорилтоо хоёр дахин давуулан биелүүлсэн байна. Киноны найруулагчаар Аарон Фицморис болон Харри Татем нар ажиллажээ.
Баримтат кинонд уулын оргил өөд өгсөх явцад тулгарч буй бие махбод болон сэтгэл зүйн хүндрэлүүд, өндөр уулын нөхцөл байдал, мөн Aitch болон түүний гэр бүлийн харилцааны талаар өгүүлэх аж. Рэппер өмнө нь 2023 онд Дэлхийн Дауны хам шинжийн өдрийг тохиолдуулан 15,000 футын өндрөөс шүхрээр үсэрч 50,000 фунт стерлингийн хандив цуглуулж байсан туршлагатай юм.
Aitch нь 2025 оны 6-р сард өөрийн хоёр дахь студийн цомог болох «4»-ийг гаргасан бөгөөд 2026 оны MOBO шагнал гардуулах ёслолд Шилдэг хип хоп уран бүтээлчийн төрөлд нэр дэвшиж, ёслолын үеэр тайзнаа гарч дуулсан билээ.