Нидерландын нэрт DJ Мартин Гаррикс Бельгийн Боом хотод зохион байгуулагдсан Tomorrowland фестивалийн үеэр шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барилаа. Тэрээр фестивалийн нээлтийн өдрийн гол үзүүлбэртээ домогт U2 хамтлагтай хамтран бүтээсэн “Fireflies” хэмээх шинэ дуугаа анх удаа эгшиглүүлсэн юм.

Тоглолтын үеэр U2 хамтлагийн гитарчин The Edge тайзан дээр гарч ирэн Мартин Гаррикс болон Боно нарын хамтарсан шинэ уран бүтээлийн гитарын хэсгийг амьдаар тогложээ. Дууны үеэр Боногийн хоолой бичлэгээр эгшиглэсэн байна. Мартин Гаррикс өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан уг дуу удахгүй албан ёсоор цацагдахыг мэдэгдсэн бөгөөд сонсогчид одоо Spotify болон Apple Music дээр урьдчилан хадгалах боломжтой болжээ.

Эдгээр уран бүтээлчид өмнө нь хэд хэдэн удаа хамтран ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал, UEFA Euro 2020 тэмцээний албан ёсны дуу болох “We Are the People” бүтээл дээр хамтарч байсан бол, Мартин Гаррикс нь U2-ын “Your Song Saved My Life” дууг продюсерлож байв. Мөн Боно нь Гарриксын “Angels for Each Other”, “Catherina”, “Weightless” зэрэг дуунуудыг хамтран бичилцсэн байдаг.

Одоогоор “Fireflies” дуу нь аль нэг талын шинэ цомогт багтах эсэх нь тодорхойгүй байна. U2 хамтлагийн хувьд саяхан шинэ цомгийнхоо “Street of Dreams” дууг гаргаад байгаа бөгөөд энэ оны сүүлээр шинэ цомог нь гарахаар хүлээгдэж байна.