Алдарт хип хоп уран бүтээлч Меган Ти Сталлион (Megan Thee Stallion) Netflix-ийн «KShop» хэмээх шинэ сурталчилгааны кампанит ажилд дэлгүүрийн касс ажиллуулан, бүхнийг гартаа авч буй худалдагчийн дүрээр оролцлоо. Энэхүү сурталчилгаа нь «KPop Demon Hunters» бүтээлийн албан ёсны бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой бөгөөд 11 дүгээр сарын 25-ны орой Netflix-ээр цацагдах NFL-ийн Талархлын баярын өмнөх тоглолтын үеэр үзэгчдэд хүрэхээр төлөвлөгджээ.
Энэхүү сурталчилгаанд Меган зүгээр ч нэг энгийн худалдагч биш, харин барааны үнэ дээр наймаалцах гэсэн худалдан авагчдад бууж өгдөггүй хатуу, шийдэмгий худалдагчийн дүрийг бүтээсэн байна. Тус дэлгүүрээр «BEEF» цувралын жүжигчин Чарльз Мелтон болон NFL-ийн алдрын танхимын гишүүн Майкл Ирвин нар үйлчлүүлж, «Kayou» цуглуулгын карт, «Mattel» дуулдаг хүүхэлдэй, «Hasbro» гэрэлтдэг саваа, LEGO цуглуулга зэрэг барааг сонирхдог аж.
Netflix-ийн Brand Creative Studio-ийн бүтээсэн энэхүү богино цуврал контент «KShopDemonHunters» инстаграм сувгаар цацагдах юм.
Меган Ти Сталлионы хувьд Billboard Hot 100 чартыг гурван удаа тэргүүлж байсан, Грэммийн гурван удаагийн шагналт уран бүтээлч билээ. Түүний хамтран ажиллаж буй «KPop Demon Hunters» хүүхэлдэйн кино нь 2025 оны зургаадугаар сард Netflix дээр гарснаасаа хойш 236 сая гаруй үзэлт авч, тус платформын бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй киногоор шалгараад байгаа бөгөөд уг бүтээлийн «Golden» дуу нь Billboard Hot 100 чартыг найман долоо хоногийн турш тэргүүлж, Грэмми болон Оскарын шагналыг хүртэж байжээ.