Америкийн алдартай реппер Меган Ти Стэллион (Megan Thee Stallion) болон түүний менежментийн Roc Nation компани хуучин зураглаач Эмилио Гарсиагийн гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх хуралд оролцох шаардлагатай болсныг холбооны шүүгч Грегори Х.Вудс мэдэгдлээ.

Эмилио Гарсиа 2024 онд гаргасан нэхэмжлэлдээ 2022 онд Испани улсад болсон аялан тоглолтын үеэр реппер бүсгүйг автомашин дотор бэлгийн харьцаанд орохыг харахыг өөрт нь тулгасан гэж буруутгасан байна. Тэрээр энэ үйл явдлын улмаас ичиж зовсон төдийгүй ажлын байран дахь дарамтад өртсөн гэж үзжээ. Түүнчлэн, энэ хэргийн дараа ажлын ачааллыг нь бууруулж, эцэст нь ажлаас халсан нь хариу арга хэмжээ авсан хэрэг гэж тэрээр гомдол гаргасан юм.

Шүүгч Грегори Х.Вудс нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон ч цалин хөлстэй холбоотой маргаан, ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт болон гомдол гаргасны төлөө ажлаас халсан гэх үндэслэлүүдийг шүүхээр хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Шүүгчийн шийдвэрээр энэ хэрэг тангарагтны шүүхээр үргэлжлэх болно.

Меган Ти Стэллионы өмгөөлөгч Алекс Спиро эдгээр буруутгалыг эрс үгүйсгэж, "худал бөгөөд зохиомол" хэмээн нэрлэв. Тэрээр нэхэмжлэгчийг өөрийн бүтэлгүй дуучны карьераа өсгөхийн тулд шүүхийн тогтолцоог ашиглаж, алдартай репперийн нэр хүндийг унагах гэсэн оролдлого хийж буй луйварчин гэж мэдэгдсэн байна.

Гарсиагийн өмгөөлөгч Рон Замбрано шүүгчийн шийдвэрийг хүлээн авч, үйлчлүүлэгч нь шүүх хуралдаанд оролцохыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.