Мексикийн алдарт рок хамтлаг «Camilo Séptimo»-ийн даралтат хөгжимчин, ая зохиогч, продюсер Жонатан Мелендес («Honas») болон түүний гэр бүлийнхэн халдлагад өртөж амиа алдсан тухай тус улсын эрх баригчид мэдээллээ. Энэхүү аймшигт хэрэг Мехико хотын ойролцоох Атисапан-де-Сарагоса хотын нэгэн орон сууцанд гарсан байна.
Прокурорын газрын мэдээлснээр, хэргийн газраас нийт дөрвөн хүний цогцос олдсон бөгөөд тэдний дунд 38 настай Жонатан Мелендес, түүний 35 настай дөрвөн сартай жирэмсэн эхнэр, гурван настай охин болон тэдний гэрийн ажилтан 21 настай эмэгтэй байжээ. Харин орон сууцнаас зургаан настай хүүхэд эсэн мэнд олдсон байна.
Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум өглөөний хэвлэлийн бага хурал дээрээ уг явдалд гүн эмгэнэл илэрхийлээд, үүнийг туйлын харамсалтай бөгөөд жигшүүрт хэрэг хэмээн тодорхойлжээ. Мөн тэрбээр сэжигтнүүдийг аль хэдийн баривчилсан бөгөөд хэргийн шалтгаан нь хоёр гэр бүлийн хоорондох маргаанаас үүдэлтэй болохыг дурдсан байна.
Мексикийн Нийтийн аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Омар Гарсиа Харфучийн мэдээлснээр, уг хэрэгт сэжиглэгдсэн хоёр эрэгтэйг саатуулаад байгаа аж. Урьдчилсан мөрдөн шалгалтаар сэжигтнүүдийн нэг нь хохирогчийн бизнесийн хамтрагч байсан бөгөөд итгэлцэл дээрээ тулгуурлан гэрт нь нэвтэрсэн гэж үзэж байгаа юм.
«Camilo Séptimo» хамтлагийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаж, 2013 онд хамтлаг байгуулагдсан цагаас хойш хамтдаа байж, синт-поп болон бусад өвөрмөц дуугаралтыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан найздаа гүн хүндэтгэл үзүүлж буйгаа илэрхийлжээ.