Мексикийн алдартай бизнесмэн, 5 тэрбум долларын хөрөнгөтэй Рикардо Салинас Плиего крипто зах зээлд өөрийн байр суурийг хатуу илэрхийллээ. Тэрээр Мексикийн хоёр дахь том жижиглэн худалдааны сүлжээ болох «Grupo Elektra»-г эзэмшдэг бөгөөд тус улсын хамгийн нөлөө бүхий чинээлэг эрхмүүдийн нэг юм.
Салинас Плиего хөрөнгө оруулалтын багцынхаа 70 хувийг биткойнд байршуулсан гэдгээ зарлаж, үл хөдлөх хөрөнгөөс илүүтэйгээр биткойныг илүүд үзэж байгаагаа хэлжээ. Тэрээр үүнийг зүгээр нэг үг төдий биш, өөрийн гэр бүлийн санхүүгийн шийдвэрт ч тусгасан байна. Тодруулбал, тэрээр эхнэртээ байшингаа барьцаалж, мөнгөө биткойнд хөрөнгө оруулахыг зөвлөсөн гэдгээ ч нуусангүй. Түүний үзэж буйгаар, үл хөдлөх хөрөнгө нь хөрвөх чадвар багатай, татвар өндөртэй, арчилгаа их шаарддаг хөрөнгө оруулалт ажээ.
Тэрээр биткойныг «дэлхийн хаана ч ашиглах боломжтой, хязгааргүй, үнэ цэнээ хадгалах чадвартай дижитал алт» хэмээн тодорхойлдог. Түүний хувьд биткойн нь инфляцаас хамгаалах хамгийн шилдэг хэрэгсэл бөгөөд засгийн газрын мөнгөний бодлогоос хараат бус байдал нь түүнийг хамгийн найдвартай хөрөнгө болгож байна гэж үздэг.
Гэсэн хэдий ч, энэхүү зөвлөгөө нь энгийн хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй байж болохыг мэргэжилтнүүд анхааруулдаг. Криптовалютын зах зээл нь маш тогтворгүй, үнийн савалгаа ихтэй байдаг тул хөрөнгө оруулагчдаас маш өндөр тэвчээр, эрсдэл даах чадварыг шаарддаг. Тэрбумтны хувьд энэ нь санхүүгийн стратегийн нэг хэсэг боловч, дундаж давхаргын иргэдийн хувьд байшингаа барьцаалах нь маш эрсдэлтэй алхам юм.
Рикардо Салинас Плиегогийн энэхүү байр суурь нь дэлхийн санхүүгийн зах зээлд биткойныг хэрхэн хүлээн авч буйг харуулах бас нэгэн тод жишээ болж байна. Хөрөнгө оруулагчид уламжлалт хөрөнгөөс татгалзаж, дижитал хөрөнгө рүү шилжиж буй энэ үед түүний туршлага олон хүнд сургамж, басхүү асуултыг үлдээж байна.