Мексикийн Ногалес хотод өссөн Луис Мальдонадо бага наснаасаа л рок хөгжимд гүнээ автсан нэгэн байжээ. Тэрээр 70-аад оны сүүлчээр Аризонагийн радио станцуудаас сонсогддог байсан Foreigner хамтлагийн "Feels Like the First Time" дууг анх сонсоод л хөгжмийн ертөнцөд дурласан гэдгээ Billboard Español сэтгүүлд хуваалцсан байна. Тухайн үед бяцхан хүү хожим энэхүү алдарт хамтлагийн гоцлол дуучин болно гэж төсөөлөө ч үгүй явжээ.

Түүний аав нь хагас дамжуулагчийн салбарт ажилладаг инженер байсан бол өвөө нь найрал хөгжмийн удирдаач, хийлч хүн байв. Ийм гэр бүлд өссөн Луис хүү 7 настайгаасаа гитар тоглож сурсан бөгөөд хожим бөмбөр, төгөлдөр хуур, лимбэ, морин хуур (cello) зэрэг олон хөгжим зэмсгийг эзэмшсэн байна. Тэрээр хөгжим бүхэнд л дуртай байснаа дурсав.

Түүнийг дуучин болно гэж бодож байгаагүй үе ч байжээ. 14 орчим настай байхдаа ахынхаа хамтлагт дуулж эхэлсэн бөгөөд ах нь түүнийг "сайн хоолойтой" гэж үзэн гоцлол дуучнаар сонгосон байна. Үүнээс хойш тэрээр дуулах урлагийг тууштай судалсан юм.

Foreigner бол Рок-н-роллын алдрын танхимд багтсан домогт хамтлаг юм. Өдгөө тус хамтлагийн үүсгэн байгуулагч Мик Жонс аялан тоглолтод оролцох боломжгүй болсон ч хамтлаг 50 жилийн ойгоо тэмдэглэн аялан тоглолтоо үргэлжлүүлсээр байна. Луис Мальдонадо нь "Juke Box Hero", "Cold as Ice" зэрэг алдартай дуунуудыг өөрийн өвөрмөц хоолойгоор амилуулж, үзэгчдийг байлдан дагуулж байна.