Монакогийн нэгэн орон сууцны барилгын үүдэнд даваа гарагт дэлбэрэлт болсон хэргийг хуулийн байгууллагууд шалгаж байна. Эл хэрэгтэй холбогдуулан Интерпол байгууллагаас 39 настай Украины иргэн Анастасиа Березовскаяг эрэн сурвалжлах «Улаан мэдэгдэл» (Red Notice)-ийг албан ёсоор гаргажээ.
Мөрдлөгийн урьдчилсан дүнгээр, уг халдлага нь ОХУ-тай холбоотой Украины нэгэн бизнесмэнийг онилсон байж болзошгүй гэж үзэж байна. Дэлбэрэлтийн улмаас гурван хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдгээр хүмүүс нь нэг гэр бүлийн гишүүд болохыг Монакогийн эрх баригчид мэдээлсэн юм. Албаныхны зүгээс хохирогчдыг тусгайлан онилж халдсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан мэдээллээр, сэжигтэн эмэгтэй нь халдлага үйлдэхдээ эрэгтэй хүний дүрд хувирсан байсан гэх мэдээлэл гарчээ. Одоогоор гэмтсэн гурван хүний хувийн мэдээллийг олон нийтэд зарлаагүй байна.