Америкийн алдартай кантри дуучин Морган Уоллений "I'm the Problem" цомог Billboard-ийн "Top Country Albums" жагсаалтыг 46 дахь долоо хоногтоо тэргүүлж байна. Энэхүү амжилт нь дуучны карьерынхаа туршид жагсаалтын оргилд байсан нийт хугацааг 232 долоо хоногт хүргэжээ. Ингэснээр тэрээр тус жагсаалт үүсгэн байгуулагдсанаас хойших 62 жилийн түүхэн дэх хамгийн олон долоо хоног нэгдүгээр байрт бичигдсэн уран бүтээлч болж, тэргүүлэгчийн байр сууриа улам бататгалаа.
Морган Уоллен энэхүү өндөр амжилтад ердөө зургаан хүрэхгүй жилийн дотор хүрсэн нь олны анхаарлыг татаж байна. Тэрээр анх 2020 оны наймдугаар сарын 15-нд жагсаалтыг тэргүүлж байсан юм. "I'm the Problem" цомог нь өнгөрсөн долоо хоногт жагсаалтын оргилд эргэн ирэхээсээ өмнө 13 долоо хоногийн турш Элла Лэнглигийн "Dandelion" цомгийн араас хоёрдугаар байрт бичигдэж байв. Энэ нь түүнийг 2021 оны нэгдүгээр сард "Dangerous: The Double Album" цомгоороо супер од болсноос хойшхи хамгийн урт хугацаанд тэргүүн байрнаас хөндийрсөн тохиолдол болжээ.
Billboard-ийн "Top Country Albums" жагсаалт нь 1964 оны нэгдүгээр сарын 11-нд "Hot Country Albums" нэртэйгээр анх эхэлж байсан түүхтэй. Анхны жагсаалтыг Жонни Кэшийн "Ring of Fire" цомог тэргүүлж байв. 1968-1984 оны хооронд винил пянзны эрин үед уг жагсаалтыг "Hot Country LP's" хэмээн нэрлэдэг байжээ.
Өнөөдрийн байдлаар нийт 21 уран бүтээлч "Top Country Albums" жагсаалтад 50 ба түүнээс дээш долоо хоногийг нэгдүгээр байрт өнгөрүүлсэн байна. Эдгээр уран бүтээлчдийн дийлэнх нь эрэгтэй гоцлол дуучид байгаа бөгөөд зөвхөн гурван эмэгтэй гоцлол дуучин болон хоёр хамтлаг энэхүү амжилтад хүрсэн байна. Мөн тус жагсаалтад 50-аас дээш долоо хоног тэргүүлсэн хар арьст уран бүтээлч нэг л байдаг нь кантри хөгжмийн хүртээмж, олон талт байдал өргөжихийн хэрээр өөрчлөгдөх боломжтой юм.