НАТО өндөр түвшний уулзалтуудынхаа цар хүрээг хумьж байгаа бөгөөд өмнө нь төлөвлөж байсанчлан ирэх жил Албани улсад удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахгүй болжээ.

Энэхүү шийдвэр нь гишүүн орнуудын дундах батлан хамгаалахын зардал, Иран болон Украины дайнтай холбоотой санал зөрөлдөөн, уур амьсгал хурцдаж байгаа үед гарч байна.

Албани улсын Ерөнхий сайд Эди Рама пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дээд хэмжээний уулзалт хэзээ болох талаар одоогоор нэгдсэн байр суурь байхгүй, ямар ч байсан 2027 онд лав болохгүйг дурджээ. Түүнчлэн тэрбээр "Хэрэв 2028 онд уулзалт болохоор болбол Албанийн нийслэл Тирана хотод зохион байгуулагдана" хэмээн тодотгосон байна.

Харин тус асуудалд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа байр суурийг илэрхийлсэн байна.