Алдарт реппер Ники Минаж Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргааг дэмжиж буй байр сууриндаа хэвээр байгаагаа илэрхийллээ. Өдгөө 43 настай тэрбээр Fox News сувгийн "The Ingraham Angle" нэвтрүүлэгт орж, Трампын засаг захиргаанаас зохион байгуулж буй жижиг бизнесүүдэд зориулсан Million Dollar Pitch Competition тэмцээний талаар ярилцсан байна.
АНУ-ын Жижиг бизнесийн захиргааны (SBA) тэргүүн Келли Лоффлертэй хамт оролцсон тус ярилцлагын үеэр Ники Минаж Трамптай харилцах харилцааныхаа талаар ярьжээ. Тэрбээр, "Энэ засаг захиргаа болон Ерөнхийлөгч Трамптай хамтран ажиллах боломж олдсонд нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Тэр зөвхөн надад ч биш, олон хүнд урам зориг өгсөн. Тэр бас хөгжилтэй хүн" хэмээн онцолсон юм. Мөн цааш нь "Би түүнд хайртай. Үүндээ би хэзээ ч шалтаг тоочихгүй" гэдгээ нэмж хэлжээ.
Түүнээс Трамптай хамтран ажиллах болсонд нь шүүмжлэлтэй хандаж буй хүмүүст хандаж юу хэлэх вэ гэж асуухад, "Юу ч хэлэхгүй. Яагаад хэлэх ёстой гэж?" хэмээн хариулсан байна.
1 сая долларын тэмцээний шүүгч
Ники Минаж жижиг бизнесийн сүүлийн шатны таван оролцогч өрсөлдөж буй уг тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд түүнээс гадна бизнес эрхлэгч Грант Кардон, Airbnb-ийн хамтран үүсгэн байгуулагч Жо Геббиа нар багтаж, жүжигчин Дин Кейн хөтлөгчөөр ажиллажээ. Нийт 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтын төлөөх шувтаргын шат 9 дүгээр сарын 18-нд Вашингтон хотод болсон байна.
Хоёр талын харилцаа өмнө нь ч олон нийтийн анхаарлыг татаж байсан бөгөөд Минаж 1 дүгээр сард болсон арга хэмжээний үеэр Трампыг сайшааж, өөрийгөө түүний "№1 шүтэн бишрэгч" гэж нэрлэж байв. Харин Дональд Трамп 7 дугаар сард зохион байгуулагдсан хүлээн авалтын үеэр реппер бүсгүйг магтаж, "Тэр бол гайхалтай хүн, хүн бүрийн хүндлэлийг хүлээсэн эмэгтэй. Тэр үнэхээр авьяастай" хэмээн тодорхойлж байжээ.