Дэлхийд алдартай реппер Ники Минаж өөрийнх нь нэр дээр үүсгэсэн шүүхийн нэхэмжлэлийг эсэргүүцэн тайлбар хийлээ. “24/7 Productions” компани энэ оны эхээр Ники Минаж болон түүний “Pink Friday Productions” компанид холбогдуулан шүүхэд гомдол гаргасан байна.
Тус компани Ники Минажийг 2023 онд болсон “iHeartRadio Jingle Ball” тоглолт болон “Pink Friday 2” цомгийн ажлын хүрээнд гаргасан 275,000 ам.долларын зардлыг нөхөн төлөхөөс татгалзсан хэмээн буруутгажээ. Нэхэмжлэгч талын зүгээс уг мөнгийг гаргуулахаар хоёр жилийн турш олон удаа оролдсон ч репперийн баг тодорхой хариулт өгөлгүй, зөвхөн “бид энэ асуудлыг судалж байна” гэсэн хариулт өгдөг байсан гэж мэдэгдсэн байна.
Харин Ники Минажийн хуулийн баг өнгөрсөн долоо хоногт анх удаа албан ёсны хариу өгсөн байна. Тэдний үзэж буйгаар, уг гэрээ нь зөвхөн “Pink Friday” компанитай холбоотой байтал нэхэмжлэгч тал алдартай хүнийг ашиглан мөнгө олох зорилгоор Ники Минажийг хувь хүнийх нь хувьд хэрэгт татан оролцуулж байна гэжээ. Хуульчид энэхүү үйлдлийг “үндэслэлгүй бөгөөд санаатайгаар зохиосон” хэмээн тодорхойлсон байна.
Минажийн өмгөөлөгчдийн онцолсноор, тэрээр уг үйлчилгээг хувь хүнийхээ хувьд аваагүй бөгөөд компанийн гэрээнд түүнийг хувь хүнийх нь хувьд хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй гэж үзэж байгаа аж. Тиймээс шүүхээс түүнийг энэхүү хэргээс хасахыг шаардаж байна.
Ники Минаж сүүлийн саруудад санхүүгийн болон хуулийн хэд хэдэн асуудалтай тулгараад байгаа юм. Тухайлбал, нэгдүгээр сард тэрээр нөхрийнх нь үйлдсэн хэрэгтэй холбоотой 500,000 ам.долларын төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн бол, өнгөрсөн долоо хоногт зохиогчийн эрхийн маргаантай холбоотой 230,000 ам.долларын өрийн нэхэмжлэл бүхий өөр нэгэн шүүх хуралд оролцохоор болжээ.