Америкийн коллежийн хөлбөмбөгийн улирлын өмнөх чансааны хоёрт эрэмблэгдэж байсан “Орегон Дакс” баг улирлын эхний тоглолтуудад багагүй бэрхшээлтэй нүүр тулж байна. Тэд “Бойсе Стэйт”-ийг 34-27 харьцаагаар арайхийн хожсон бол хоёр дахь долоо хоногт “Оклахома Стэйт”-д гэнэтийн ялагдал хүлээсэн юм.
Энэхүү тааруу эхлэлийн талаар Алабамагийн их сургуулийн домогт дасгалжуулагч асан Ник Сабан “The Pat McAfee Show” нэвтрүүлэгт оролцохдоо санал бодлоо хуваалцжээ. Тэрбээр Орегоны ахлах дасгалжуулагч Дэн Ланнингийн багийн хамгийн том асуудал нь хамгаалалт болсныг онцолсон байна. Сабан хэлэхдээ “Орегон хамгаалалтад сайн тоглож чадахгүй байгаа нь Дэн Ланнинг болон түүний багийн хувьд баймгүй үзэгдэл. Учир нь тэр хамгаалалтын мэргэжилтэн бөгөөд тэдний хамгаалалт үргэлж сайн байдаг байсан” гэжээ.
Статистик үзүүлэлтүүд суларчээ
Эхний хоёр тоглолтын дараах байдлаар Орегон нэг тоглолтод дунджаар 33.0 оноо алдаж, оноо алдалтын үзүүлэлтээрээ улсдаа 123-т эрэмбэлэгдээд байна. Мөн өрсөлдөгчдөдөө нэг тоглолтод пассаар 249.0 ярд, гүйлтээр 165.0 ярд алдаж, эдгээр үзүүлэлтээр улсын хэмжээнд 111 болон 107-д бичигджээ. Түүнчлэн өрсөлдөгч багууд “улаан бүс”-ийн (red-zone) боломжийнхоо 91.67 хувийг оноо болгосон байна.
Дасгалжуулагчдын бүрэлдэхүүний өөрчлөлт
Дэн Ланнинг өмнө нь “Жоржиа” багт байхдаа 2021 онд нэг тоглолтод ердөө 10.2 оноо алддаг хүчирхэг хамгаалалтыг удирдаж, улсын аварга болж байсан түүхтэй. Орегонд ирсний дараа ч түүний баг 2022 онд 74-т, 2023 онд есдүгээрт, 2024 онд 16-д, 2025 онд 12-т эрэмбэлэгдэж байв.
Харин Ник Сабан энэ улирлын сул тоглолтын шалтгааныг зохицуулагч (coordinator) дасгалжуулагчид солигдсонтой холбон тайлбарлажээ. Тухайлбал, Уилл Стайн “Кентакки” руу явж, Тош Лупой “Кал”-ын ахлах дасгалжуулагчаар томилогдсоноор Орегон хоёр зохицуулагчаа хоёуланг нь шинэчлэх шаардлага гарсан юм. Сабан дасгалжуулагчдын бүрэлдэхүүн болон тамирчдын их хэмжээний шилжилт нь багийн уур амьсгал, нэгдэлд шууд сөргөөр нөлөөлж, эхний хоёр долоо хоногт хангалттай сайн тоглолт үзүүлж чадаагүй харагдаж байна хэмээн дүгнэсэн байна.