Алдарт фолк-поп дуучин Ноа Кахан АНУ-ын засаг захиргааг өөрийн "American Cars" дууг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн буруутгажээ. Энэхүү үйл явдал нь Цагаан ордон Дональд Трампын Мичиган дахь General Motors-ийн туршилтын талбайд хийсэн айлчлалын зургуудыг Instagram хуудсандаа нийтлэхдээ уг дууг арын хөгжим болгон ашигласнаас үүдэлтэй юм.
Өөрийн дууг ашигласныг олж мэдсэн Кахан тус нийтлэлийн сэтгэгдэл хэсэгт "Та болон танай засаг захиргааг дэмжиж миний дууг ашиглахыг би хэзээ ч зөвшөөрөхгүй" хэмээн хатуу мэдэгджээ. Дуучин Ноа Кахантай хамтран уг дууг бичсэн Ноа Левин ч мөн "Энэ дуу чамд зориулагдаагүй" хэмээн ууртай сэтгэгдэл үлдээсэн байна. Одоогийн байдлаар Instagram дээрх бичлэгээс дууг устгасан боловч TikTok сүлжээнд хэвээр үлджээ. Цагаан ордон энэ асуудлаар хараахан албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Энэ нь АНУ-ын засаг захиргаатай холбоотой анхны тохиолдол биш юм. Саяхан Кэти Перри "Firework" дууг нь цэргийн ажиллагааны бичлэгт зөвшөөрөлгүй ашигласныг эрс буруушаасан билээ. Түүнчлэн Ариана Гранде, Кеша, Сабрина Карпентер, Оливия Родриго болон The Rolling Stones, Адель, Нил Янг зэрэг олон уран бүтээлчид Трампын засаг захиргаа өөрсдийн бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж байгаад дургүйцлээ илэрхийлж байсан түүхтэй.