АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын баг болон дуучин Ноа Кахан нарын хооронд дуу хөгжим ашигласантай холбоотой маргаан үүсээд байна. Асуудал нь Цагаан ордноос Мичиган муж дахь автомашины үйлдвэрт хийсэн айлчлалын үеэр хийсэн дүрс бичлэгүүдээс эхлэлтэй юм. Эдгээр бичлэгт дуучин Ноа Каханы “American Cars” дууг арын хөгжим болгон ашиглажээ.

Вермонт мужаас гаралтай 29 настай дуучин, ая зохиогч Ноа Кахан уг үйлдэлд тун дургүйцлээ илэрхийлэв. Тэрээр Инстаграм хуудсандаа “Та болон танай засаг захиргааг дэмжиж миний дууг ашиглахыг хэзээ ч зөвшөөрөхгүй” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна. Түүний хамтран ажиллагч, гитарчин Ноа Левин ч мөн уг бичлэг дор эгдүүцсэн сэтгэгдэл үлдээсэн боловч удалгүй устгагджээ.

Цагаан ордны зүгээс энэхүү шүүмжлэлд хариу барив. Трампын засаг захиргааны Харилцаа холбооны асуудал эрхэлсэн орлогч дарга Каелан Дорр өөрийн сошиал хуудсаар дамжуулан дуучныг “Трамптай холбоотой сэтгэцийн эмгэг” (TDS) гэж нэрлэгддэг нэр томьёог ашиглан шүүмжилжээ. Тэрээр дуучныг “хойд зүгийн хандлагатай” хэмээн тодорхойлсон байна.

Уг дууг сошиал орчинд ашиглах боломжтой байгаа нь Universal Music Group болон Meta компаниудын хооронд байгуулсан 2024 оны гэрээтэй холбоотой юм. Ноа Кахан бол өөрийн дууг Трампын сурталчилгаанд ашиглахыг эсэргүүцсэн анхны уран бүтээлч биш юм. Тэрээр Бейонсе, Адель, Брюс Спрингстин, Селин Дион зэрэг олон алдартан багтдаг урт жагсаалтад нэгдээд байна.