Америкийн хөнгөн атлетикийн одод болох Ноа Лайлс, Тайсон Гэй нар уулзаж, Лайлс өөрийн шүтээнтэйгээ таарсан сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр 10-р сарын 1-нд Instagram Story-доо Гэйтэй хамт гал тогоонд авахуулсан зургаа оруулсан байна. Тус зураг дээр Гэй Лайлст зориулж гарын үсгээ зурсан өөрийнхөө гэрэл зургийг барьсан байсан бөгөөд Лайлс “Хүн нь, домог нь, түүх нь” хэмээн бичиж, түүний хаягийг дурджээ.

Эдгээр хоёр тамирчны замнал олон зүйлээр холбогддог. Дасгалжуулагч Лэнс Брауман Гэйг амжилтын оргилд хүрэхэд нь бэлтгэж байсан бөгөөд 2016 оноос Лайлсыг дасгалжуулж эхэлсэн түүхтэй. Түүнчлэн 2016 оны АНУ-ын Олимпын сонгон шалгаруулалтад 18 настай Лайлс 200 метрийн зайд уралдаж байхад туршлагатай олон улсын од Гэй ч мөн өрсөлдөж, тэдний замнал огтлолцож байжээ.

Хожим нь Лайлс Гэйн 200 метрийн зайн 19.58 секундийн хувийн дээд амжилтыг эвдэж, 2022 оны Южин дэх ДАШТ-ээр 19.31 секундээр АНУ-ын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Өмнө нь Лайлс Нью-Йорк дахь Гэйн цэнгэлдэхийн амжилтыг эвдэхээр зорьж байхад дэлхийн аварга асан Гэй түүнд “Амжилт хүсье аварга аа! Зориод ав” хэмээн урмын үг илгээж байв.

Энэ нь Лайлс өөрийн хүндэлдэг домогт гүйгчтэйгээ ойр дотно уулзсан анхны тохиолдол биш юм. Тэрбээр 2017 оны ДАШТ-ий өмнөхөн Германы эмнэлэгт шөрмөсөө шалгуулж байхдаа гэмтэлтэй байсан Усайн Болттой анх таарч, өөрөө очин хүндэтгэлээ илэрхийлж танилцаж байжээ.