Талбайн теннисний дэлхийн шилдэг тамирчин Новак Жокович Уимблдоны тэмцээний дараа хэсэг хугацаанд амраад байсан билээ. Түүнийг хатуу талбайн тэмцээнүүдэд хэзээ эргэн ирэх вэ гэсэн хүлээлт фенүүдийн дунд өндөр байсан бөгөөд Сербийн тамирчин өөрөө албан ёсны мэдэгдэл хийж, эргэлзээг тайллаа.
Жокович наймдугаар сарын 13-нд эхлэх Цинциннати Мастерс тэмцээнд оролцохоо зарласан байна. Тэрээр энэ талаар "Би Цинциннатийн нээлттэй тэмцээнд оролцох болсноо дуулгахад таатай байна. Фенүүдтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна" хэмээн онцолжээ. Энэ нь түүний хувьд 2023 оноос хойш тус тэмцээнд оролцож буй анхны тохиолдол юм.
Тус тэмцээн нь Жоковичийн хувьд онцгой ач холбогдолтой юм. Тэрээр 2018 онд Рожер Федерерийг ялж, карьертаа анх удаа тус тэмцээний аварга болж байсан түүхтэй. Тэрээр тус тэмцээнд нийт 45 хожил, 12 хожигдол гэсэн амжилттай оролцож ирсэн байна.
Удахгүй болох АНУ-ын нээлттэй тэмцээний өмнө хатуу талбайд бэлтгэл хийх нь Жоковичийн хувьд чухал алхам юм. Гэсэн хэдий ч тэрээр наймдугаар сарын 2-нд эхлэх Канадын нээлттэй тэмцээнд оролцохоор нэрээ бүртгүүлсэн байсан ч сүүлийн мөчид оролцохоос татгалзсан байна. Түүнчлэн теннисчин Янник Синнер мөн тус тэмцээнийг өнжихөөр болжээ.
Ийнхүү дэлхийн шилдэг теннисчид цуглах Цинциннатийн тэмцээнд Новак Жокович өөрийн ур чадвараа дахин харуулахаар бэлтгэлээ базааж байна.