Бразилын алдарт Fighting Nerds клубийн 27 настай ММА тулаанч Жуниор Диасыг нохой хөнөөсөн хэргээр баривчилжээ. Тэрбээр UFC-ийн тамирчид болох Карлос Пратес, Жан Силва, Кайо Борральо нартай нэг клубт бэлтгэл хийдэг байсан юм.

Хэрэг явдлыг тодруулбал, Сан-Паулу хотод байрлах Диасын гэрээс хачин чимээ гарахыг хөршүүд нь сонсож, цагдаад дуудлага өгсөн байна. Цагдаагийн алба хаагчид байшинд нэвтрэх үед чемодан дотроос гэмтэл авсан эрэгчин нохойн цогцос олдсон бөгөөд уг нохой Диасын найз охин гэгдэх эмэгтэйн дэргэд байжээ. Цагдаа нар тулаанчийг хэрэг үйлдэгдэж байх үед нь газар дээр нь баривчилсан байна.

Жуниор Диас уг явдлыг өөрийгөө хамгаалах үйлдэл байсан гэж тайлбарлаж байгаа юм. Түүний хэлснээр нохой гэнэт удирдлагагүй болж, дайрсны улмаас өөрийгөө болон найз охиноо хамгаалсан гэжээ. Мөн тэрбээр болон түүний найз охин тодорхой хэмжээний гэмтэл авсан нь батлагдсан бөгөөд цагдаагийн байгууллага түүний мэдүүлгийг үнэн эсэхийг шалгаж байна.

Түүнчлэн хөршүүдийнх нь мэдээлснээр түүний гэрт амьтныг зүй бусаар харьцдаг тохиолдол өмнө нь ч гарч байсан аж. Тэд хэдэн өдрөөр хоол, усгүй орхигдсон бусад амьтдад хоол шидэж өгдөг байсан гэж ярьжээ. Албаныхан тус гэрээс нэг эмэгчин нохой, зургаан муурыг аварсан бөгөөд эмэгчин нохойг төрийн бус байгууллагад шилжүүлж, үрчлүүлэхээр болсон байна.

Хэрэг гарсны дараа Fighting Nerds клуб инстаграм хуудсаараа дамжуулан албан ёсны мэдэгдэл гаргаж, амьтныг тарчлаах үйлдлийг эрс буруушаажээ. Клубийн удирдлага уг хэргийг шалгаж дуустал тамирчныг багаас хассанаа зарласан юм. Мөн түүнчлэн сүүлийн үеийн мэдээллээр “Алтан жаал” (Golden Boy) хочит Жуниор Диасыг урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд суллаж, нэг жилийн хугацаанд амьтанд ойртохыг хориглосон шийдвэр гаргажээ.