Нью-Йоркийн хардкор хөгжмийн салбарт томоохон байр суурь эзэлдэг "Sick Of It All" хамтлагийн гоцлол дуучин бөгөөд үүсгэн байгуулагч Лу Коллер 59 насандаа хорвоог орхилоо. Энэхүү харамсалтай мэдээг тус хамтлагийн зүгээс өөрсдийн Instagram хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдэгдсэн байна.
Лу Коллер 2024 онд улаан хоолойн хорт хавдрын нэг төрөл болох аденокарцинома гэх оноштой нь тогтоогдсон юм. Тэрээр хоёр жилийн турш өвчний эсрэг тэмцсэний эцэст ийнхүү таалал төгсөв. Хамтлагийн гишүүд түүнийг хайртай анд нөхөр, домогт гоцлол дуучин байсныг дурдаж, дэлхий даяарх шүтэн бишрэгчидтэйгээ энэхүү хүнд гарзыг хуваалцаж байгаагаа илэрхийлжээ.
Коллер 2024 оны зургадугаар сард өвчнийхөө талаар анх олон нийтэд зарлаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул Европын аялан тоглолтоо цуцалж байв. 2025 оны тавдугаар сард тэрээр мэс засал болон химийн эмчилгээний үр дүнд хорт хавдрыг ялснаа зарлаж байсан ч, дөрвөн сарын дараа өвчин нь дахин сэдэрснийг мэдэгдсэн юм.
Тэрээр 1986 онд төрсөн дүү Пит Коллер болон бөмбөрчин Арманд Мажиди нарын хамтаар "Sick Of It All" хамтлагийг үүсгэн байгуулжээ. Тэд Нью-Йоркийн хардкор хөгжмийн тайзнаас гарч ирсэн хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг болсон бөгөөд нийт 12 студийн цомог гаргасан байна. Хамтлагийн хамгийн сүүлийн цомог 2018 онд гарсан "Wake The Sleeping Dragon!" байв.
Хамтлагийн зүгээс Лу Коллерийн эмчилгээний санд хандив өргөж, түүнийг сэтгэл санаагаар дэмжиж байсан бүх хүмүүст талархал илэрхийлжээ. Тэдний мэдэгдэлд дурдсанаар, Лу Коллер тайзан дээрх эрч хүчтэй байдал, инээмсэглэлээрээ дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн сэтгэлийг татаж чаддаг нэгэн байсан юм.