АНУ-ын Нью-Йорк хотын Квинс дүүрэгт энэ сарын 18-ны өдөр болох байсан томоохон тоглолтууд цаг агаарын таагүй байдлын улмаас цуцлагдлаа. Дуучин Ноа Кахан Citi Field цэнгэлдэх хүрээлэнд тоглох ёстой байсан ч үдээс хойш цаг агаарын нөхцөл байдлыг ажигласны эцэст тоглолтыг цуцлах шийдвэр гаргажээ.
Зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, ийм хүнд шийдвэр гаргахад хүрсэн гэдгээ мэдэгдсэн байна. Тус бүс нутагт аадар бороо, аянга цахилгаантай, үер буух болон салхины хүч ихсэх төлөвтэй байжээ. Дуучин Ноа Кахан өөрийн Instagram хуудсаараа дамжуулан фэнүүддээ хандан "Тоглолтыг бодит болгохын тулд бүхий л боломжийг эрэлхийлсэн, та нартаа хайртай" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Citi Field цэнгэлдэх хүрээлэнгийн зүгээс тасалбар худалдан авсан үзэгчдэд нөхөн олголт хийхээ мэдэгджээ. Тухайлбал, Ticketmaster-аар дамжуулан тасалбар авсан хүмүүсийн мөнгийг автоматаар буцаан олгох аж. Ноа Каханы хувьд ням гарагт товлогдсон тоглолт нь хуваарийн дагуу хэвээр байгаа юм.
Мөн Квинс дүүрэгт байрлах Forest Hills цэнгэлдэх хүрээлэнд болох байсан Zeds Dead хамтлагийн тоглолт ч мөн адил цуцлагджээ. Тус хамтлаг тоглолтоо наймдугаар сарын 14-ний өдөр хүртэл хойшлуулсан бөгөөд хуучин тасалбар нь шинэ товлогдсон өдөр хүчинтэй байх юм. Хамтлагийн гишүүд "Цаг агаар хэтэрхий хүнд байна. Борооны улмаас үүссэн саатлын улмаас бид тайзны төхөөрөмжөө ч угсарч чадахгүй нөхцөл байдал үүслээ" хэмээн мэдэгдэлдээ дурджээ.