Орос болон Украины хооронд үргэлжилж буй дайн дажин улам бүр ширүүсэж, хоёр тал бие биеийнхээ газар нутгийн гүн рүү агаараас цохилт өгөх, дроны довтолгоог эрчимжүүлээд байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) мягмар гарагт мэдэгдэл гаргаж, дайны хөлд нэрвэгдэж буй хамгийн эмзэг бүлэг болох хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг уриаллаа.

Тус байгууллагаас онцолсноор, сүүлийн үед нэмэгдэж буй агаарын дайралтууд нь хүүхдүүдийн хувьд аюулгүй байх ёстой тоглоомын талбай, далайн эрэг, гэр орон гэх мэт энгийн газруудыг ч эрсдэлд оруулж байна. Дайны улмаас хүүхдүүдийн амь нас эрсдэж байгаа нь хүн төрөлхтний хувьд хүлээн зөвшөөрч боломгүй асуудал гэдгийг UNICEF-ийн зүгээс сануулж, дайныг зогсоож, хүүхдүүдийг хамгаалахыг дэлхий нийтэд хандан уриаллаа.

Орос-Украины мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд талууд хоёр талын нутаг дэвсгэр рүү чиглэсэн цэргийн ажиллагаагаа идэвхжүүлж байгаа нь хүүхдүүдийн амьдрах орчинд шууд аюул учруулсаар байна.