АНУ болон Канад улсад ойн түймрийн улмаас их хэмжээний утаа тархаж байгаа цаг үед ойн түймрийг илрүүлэхэд зориулагдсан FireSat хөтөлбөрийн анхны гурван хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө. Эдгээр бичил хиймэл дагуулууд 2026 оны 7-р сарын 7-ны өдөр Калифорни муж дахь Ванденберг сансрын хүчний баазаас SpaceX компанийн Falcon 9 пуужингаар дамжин сансарт гарсан байна.

Энэхүү төсөл нь ашгийн бус байгууллага болох Earth Fire Alliance-ын удирдлага дор хэрэгжиж байгаа бөгөөд ойн түймрийг илрүүлэх зорилгоор тусгайлан бүтээсэн анхны хиймэл дагуулын одод юм. Калифорнид төвтэй Muon Space компани эдгээр төхөөрөмжийг зохион бүтээсэн бөгөөд Google компани анхны бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор 15 сая гаруй ам.долларын санхүүжилт олгожээ. Мөн Bezos Earth Fund сан 26 сая ам.долларын санхүүжилтээр уг төслийг дэмжсэн байна.

Түймрээс урьдчилан сэргийлэх шинэ технологи

Гурван сарын турш үргэлжлэх туршилтын хугацааны дараа эдгээр хиймэл дагуулууд түймэртэй тэмцэх албадад мэдээлэл дамжуулж эхлэх юм. FireSat нь дэлхийн гадаргуу дээрх түймэрт өртөмтгий бүс нутгуудыг өдөрт дор хаяж хоёр удаа хянах боломжтой болно. Бусад хиймэл дагуулын анзаарч чаддаггүй жижиг хэмжээний түймрийг ч илрүүлэх чадвартай энэхүү систем нь он дуусахаас өмнө АНУ, Австрали болон Европын орнуудад ажиллаж эхлэхээр төлөвлөгдөж байна.