АНУ-ын Санта Круз хотод болсон дуучин Оливер Три-гийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр түүний ээж Кристин Никелл хүүгийнхээ тухай сэтгэл хөдөлгөм дурсамжаа хуваалцлаа. Өвөрмөц хэв маягаараа танигдсан дуучин Оливер Три нь Бразилийн Рио-де-Жанейро хотод болсон нисдэг тэрэгний ослын улмаас 32 насандаа таалал төгссөн билээ.
Кристин Никелл арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүст хандан, хүүтэйгээ хийсэн хамгийн сүүлийн ярианыхаа тухай ярьсан байна. Тэрээр хүүгээ нас барахаас нь нэг хоногийн өмнө тамхинаас гарах асуудлаар нь мессеж бичжээ. Ээжийнхээ асуултад Оливер FaceТime-аар шууд холбогдож, тамхины утаа үлээж “сахилгагүйтсэн” байна. Түүний ээж хүүгээ багаасаа л эрч хүчтэй, адал явдалд дуртай, эргэж хардаггүй “гүйгч” хүүхэд байсан хэмээн тодорхойлжээ.
Тэрхүү сүүлийн өдөр Оливер амьдралдаа маш их баяртай, сэтгэл хөдлөл өндөр байсныг ээж нь онцолсон байна. Тэрээр маргааш нь найзуудтайгаа хамт уулын орой дээрх байшин руу нисдэг тэргээр очиж, хөгжим болон TikTok контент бүтээхээр төлөвлөж байжээ. Түүний ээж хэлэхдээ, хүү нь өдөр бүрийг мартагдашгүй, баатарлаг болгохыг хүсдэг байсан бөгөөд түүнийг алдсанаас хойш ирсэн олон нийтийн дэмжлэг, хайр хүндэтгэл нь тэдэнд ихээхэн тайтгарал болж байгааг дурдлаа.
Дурсгалын арга хэмжээ нь Оливер Тригийн өөрийнх нь хэв маягт нийцсэн өвөрмөц байдлаар зохион байгуулагдсан байна. Тухайлбал, түүний өмсдөг тод өнгийн салхины хамгаалалттай хүрэм, наран шил, ковбой малгай, мөн түүний нэрийн хуудас болсон "bowl cut" үс засалттай гурван манекен бүхий авсыг тайзан дээр байрлуулжээ. Гэсэн хэдий ч ээжийнх нь дурссанаар, Оливер хөгжим бүтээхдээ маш нухацтай ханддаг, гэр бүлийнхнээ шинэ бүтээлээ сонсохыг шаардахдаа ямар ч сатааруулах зүйлгүй, бүрэн чимээгүй суухыг тулгадаг байсан нь түүний урлагтаа хандах хүндэтгэлийг харуулдаг байв.